
Дани-Египетийн найруулагч Май эль-Тукхи кино урлагт эрэгтэй уран бүтээлчдийг “суут ухаантан” хэмээн өргөмжилж, эмэгтэй найруулагчдын бүтээл, авьяасыг харьцангуй бага үнэлдэг тогтолцоог шүүмжиллээ.
Тэрээр 83 дахь удаагийн Венецийн кино наадмын үеэр хэвлэлийн бага хурал хийхдээ “Эмэгтэй найруулагчийг суут ухаантан гэж нэрлэсэн нийтлэлтэй би огт таарч байгаагүй” хэмээн хэлж, "Энэ нь зөвхөн хэвлэл мэдээллийн өнгө аястай холбоотой бус, салбарын хэмжээнд нэгэнт бат суусан системийн асуудал" гэдгийг онцолсон байна. Энэ жилийн наадмын “Алтан арслан”-гийн үндсэн өрсөлдөөнд 21 кино багтсанаас уран сайхны киноны цорын ганц эмэгтэй, ганцаарчилсан найруулагчаар эль-Тукхи шалгарсан нь түүний байр суурийг улам тодотгожээ.
Эль-Тукхи өөрийн уран бүтээлийн замналаар дамжуулан энэ ялгааг мэдэрч ирснээ мөн өгүүлэв. Тэрээр сургуулиа төгссөнийхөө дараа анхны бүрэн хэмжээний киногоо хийх хүртэл зургаа, долоон жил хүлээсэн бол эрэгтэй хамтран суралцагчид нь түүнээс хавьгүй хурдан кино хийх боломжтой болсон гэжээ. Түүний хэлснээр эмэгтэй найруулагчдад тулгардаг бэрхшээл зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдахгүй бөгөөд төсөв багатай байх нь жүжигчид, уран бүтээлчдийн сонголт, улмаар киноны цар хүрээнд хүртэл нөлөөлдөг. “#MeToo”-гийн дараа энэ тэгш бус байдлын талаар салбар даяар илүү их ярьдаг болсон ч сүүлийн жилүүдэд ахицгүй болж буцаад хуучин байдал руугаа орж байгаа мэт санагдаж байна хэмээн тэмдэглэв.

Эль-Тукхийн Венецийн кино наадмын өрсөлдөөнд оролцож буй “Woman Unknown” кинонд ч эмэгтэй хүний үл үзэгдэх байдал, нийгмийн шүүлт, бие махбодыг объект болгон харах хандлагын тухай өгүүлдэг. Дэлхийн II дайны дараах Данид өрнөх тус бүтээлд Мари хэмээх залуу гэрийн үйлчлэгч дайны үеэр Германы цэрэгтэй харилцаатай байсан нууцаа хадгалан, шинэ амьдрал, нэр хүндээ хамгаалахыг хичээдэг. Найруулагч энэ түүхийг зөвхөн дайны дараах Данийн нийгмийн тухай бус, эмэгтэй хүнийг дайн, үндэс угсаа, ёс суртахууны тэмцлийн “нутаг дэвсгэр” мэт үздэг уламжлалын тухай бүтээл гэж тайлбарлав. Эль-Тукхи “Бид бүгд асуудлын нэг хэсэг боловч бүгд шийдлийн нэг хэсэг ч мөн” хэмээн хэлж, эрэгтэй, эмэгтэй уран бүтээлчдийг ижил шалгуураар үнэлдэг киноны соёл бий болгох шаардлагатайг онцоллоо.