
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар мэдээлэл хийлээ.
Ж.Батжаргал: -Нийгмийн ажлын тухай хуулийн анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонслоо. Бүлгийн гишүүд уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийн төслийг О.Саранчулуун тэргүүтэй 24 гишүүн санаачлан боловсруулсан юм.
О.Саранчулуун: -Өнөөдөр Монгол Улсад 6000 орчим нийгмийн ажилтан бий. Үүний 3000 орчим нь төрийн байгууллагад ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс төрийн албан хаагчийн өөр өөр ангилалтай байдаг. Нийгмийн ажилтныг хавсарсан байдлаар хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийгмийн ажлын үйлчилгээ орхигдож байна. Нийгмийн ажлын мэргэжлийн холбоо байгуулна. Энэ холбоо хүмүүсээ сургаж, мэргэшүүлж нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх лиценз олгоно. Эмч, сувилагч, өмгөөлөгч зэрэг лиценз авч үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хүмүүс байдаг. Үүнтэй адил нийгмийн ажилтан лиценз авч үйл ажиллагаа явуулдаг болно.