
Зургаадугаар сар талаасаа хэвийж, Үндэсний их баяр наадам болоход 20-хон хоног дутуу байхад Хөвсгөл тэргүүтэй уулархаг нутгаар бод малын туурай давсан цас орж, хотын бид дотуур өмдөө санагалзсан өдрүүд өнгөрч байна. “Зун хэзээ ийм байлаа даа” хэмээн хүн болгон шогширч сууна. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй улс орнуудын нэг. Гэтэл өнөөг хүртэл үүний эсрэг зохицуулалт хийсэн хуульгүй явна. Харин одоо л УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хаврын чуулган завсарлахаас өмнө энэ хуулийн төслийг батлах зорилт тавьсан. Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүл 680 дахь дугаартаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн ач холбогдол, уг хуулийн төслийг баталснаар ямар үр дүн, эерэг нөлөө үүсэх тухай багц сэдвийг онцоллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар цөлжилтийг бууруулах, ган, зундын эрсдэлийг хохирол багатай даван туулах, бэлчээрээ хамгаалах санхүү, эдийн засгийн шинэ эх үүсвэр бий болох юм. Дээрх асуудлуудыг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Харин Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталснаар Монгол Улс олон улсын карбон зээлийн нэгэн гол тоглогч болох боломжтой. Карбон зах зээлийн хэмжээ 2030 онд 5-20, 2050 онд 60-70 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэсэн судалгааны дүн бий. Энэ зах зээлд Монгол Улс давуу талаа ашиглан оролцох нь чухал. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталж байгаа нь үүний эхлэл болж байна. Точвхондоо, энэ бол эдийн засгаа солонгоруулахын эхлэл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталж карбон зах зээлд оролцож эхэлсэн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт, ногоон технологитой холбоотой гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2-3 дахин нэмэгддэг.