
Air Canada Кубад үүссэн онгоцын түлш тасалдлаас шалтгаалан тус улс руу хийх нислэгүүдээ зогсоож байгаагаа мэдэгдлээ.
“Кубын нисэх буудлуудад онгоцын түлшний нийлүүлэлт тогтворгүй байгаа тухай анхааруулгын дараа Air Canada ийм шийдвэр гаргасан” гэж тус компани мэдэгдэлдээ дурджээ.
“Хоёрдугаар сарын 10-наас эхлэн арлын нисэх буудлуудад онгоцын түлш худалдааны зориулалтаар байхгүй болно гэж тооцоолж байна. Үлдсэн нислэгүүдийн хувьд Air Canada нэмэлт шатахуун ачиж, шаардлагатай бол буцах замдаа техникийн зогсолт хийж дахин цэнэглэнэ” гэжээ.
Air Canada-ийн төлөөлөгчийн хэлснээр, нэн тэргүүний зорилт нь Кубад байгаа зорчигчдыг Канад руу аюулгүй буцаах явдал ажээ.
“Дараагийн өдрүүдэд агаарын тээврийн компани өмнө зүгт хоосон нислэг үйлдэж, Кубад байгаа 3000 орчим зорчигчийг буцаан нутагт нь хүргэнэ” гэж Air Canada мэдэгдэв. Одоогоор тус компани Кубын дөрвөн чиглэлд долоо хоногт дунджаар 16 нислэг үйлдэж байна.
Хольгин болон Санта Клара руу хийх улирлын чанартай нислэгүүдийг цуцалсан бол Варадеро болон Кайо Коко руу хийх нислэгүүдийг жилийн турш үргэлжлүүлэхээр төлөвлөж, тавдугаар сарын 1-нд сэргээх урьдчилсан тов зарлажээ.
Ням гарагт Хаванагийн Хосе Марти олон улсын нисэх буудал NOTAM (Нислэгийн албан мэдэгдэл)-д “Мягмар гараг(2026.02.10)-ийн өглөөний 5 цагаас (GMT 10:00) эхлэн Jet A1 шатахуун байхгүй болно” гэж зарласан бөгөөд уг анхааруулга гуравдугаар сарын 11 хүртэл хүчинтэй гэжээ.
Энэ арга хэмжээ нь Хавана, Варадеро, Санта Клара, Хольгин, Сантьяго-де-Куба, Кайо Коко зэрэг есөн олон улсын нисэх буудалд нөлөөлж, онгоцууд тухайн буудлаасаа түлшээ цэнэглэх боломжгүй болох юм.
Мөн Кубын засгийн газар шатахуун хэмнэх өргөн хүрээний арга хэмжээний хүрээнд ачаалал багатай зарим нисэх буудлыг хаахаа зарласан байна.
АНУ-ын нефтийн хориг
Куба түүхэн ёсоор онгоцын түлшнийхээ ихэнхийг Венесуэлээс авдаг байсан ч, АНУ тус улсын экспортыг хаасны дараа арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш Венесуэлээс ямар ч түүхий эсвэл боловсруулсан бүтээгдэхүүн хүлээн аваагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүнээс хойш Куба Венесуэлээс цаашид нефть авахгүй гэж мэдэгдэж, Кубад шатахуун нийлүүлсэн аливаа улсад тариф ногдуулна хэмээн сүрдүүлснээр арлын улсын нисэхийн түлш нийлүүлэлтийг үндсэндээ тасалжээ.
Венесуэлийн дараа Кубын хамгийн том нефть нийлүүлэгч болсон Мексик ч АНУ-ын дарамтаар нэгдүгээр сарын дунд үеэс нийлүүлэлтээ зогсоосон байна.
Гэсэн хэдий ч иймэрхүү хомсдол Кубад анх удаа тохиож байгаа зүйл биш бөгөөд олон агаарын тээвэрлэгчид үүнийг даван туулах төлөвлөгөөтэй байдаг. Өмнөх хямралуудын үед олон компани Панам, Багамын арлууд, Доминиканы Бүгд Найрамдах Улс, АНУ зэрэг ойролцоох гуравдагч орнуудаас түлш цэнэглэх арга хэрэглэж байжээ.
АНУ-ын American Airlines, Southwest Airlines, Delta Air Lines компаниуд Куба руу нислэгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаанд нь саад учраагүй гэж мэдэгджээ. Тэдний хэлснээр, Куба руу нисэж буй онгоцууд дараагийн нислэгтээ хүрэлцэхүйц түлшийг урьдчилан ачиж нисэж байна.