
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Орос улс түлшний үнийг бууруулах зорилгоор дэлхийн зах зээлд дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Түүний засаг захиргаа Москваг Украинд явуулж буй дайнаасаа орлого олохоос сэргийлэх зорилготой байсан Оросын түлшний эсрэг АНУ-ын хоригийг түр хугацаагаар цуцалжээ.
Хөдөө аж ахуй, орон сууцны халаалт, ачаа тээвэрт ашигладаг дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд ойртсон нь арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын сонгуулийн өмнө Бүгд найрамдахчуудад эрсдэл учруулж байна. Уг сонгуулиар тэд Конгресс дахь олонхийн суудлаа хадгалж чадах эсэх нь шийдэгдэнэ. Мэдэгдлийн дараа дизель түлшний үнэ буурсан ч хэлэлцээр дангаараа үнийг бага түвшинд тогтоон барихад хангалтгүй байж болзошгүй гэж шинжээчид үзжээ.
Трамп олон нийтийн сүлжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “маш амжилттай” яриа хэлэлцээ хийж, Орос улс АНУ болон дэлхийн зах зээлд нэн даруй 300 000 гаруй тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон гэж бичсэн байна. Энэ нь ойролцоогоор 2.25 сая баррель түлштэй тэнцэнэ. Харин АНУ өдөрт ойролцоогоор 1.5 сая баррель дизель түлш экспортолдог.
Трамп Truth Social хаягтаа “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маш амжилттай яриа хэлэлцээ хийж дууслаа. Уг хэлэлцээрээр Орос улс Америкийн болон дэлхийн зах зээлд нэн даруй 300 000 гаруй тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон. Үүний дараа арваннэгдүгээр сард дахин 500 000 тонн, улмаар түүнээс хойш нэн даруй 1 000 000 тонн нийлүүлнэ.
Түүнчлэн Оросын дизель түлш боловсруулах үйлдвэрүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд дахин 3 000 000 тонн дизель түлш нийлүүлэх юм.
… Оросын эрчим хүчний талаар хийсэн энэхүү томоохон мэдэгдлийн үр дүнд Америкчуудын төдийгүй дэлхийн дизель түлшний үнэ урьд өмнө байгаагүй их хэмжээгээр, маш хурдан буурна!” гэж нийтэлжээ.
Трампын сошиал хуудастаа оруулсан нийтлэл Уг ярианы дараа Путиний тусгай элч Кирилл Дмитриев X нийгмийн сүлжээнд нийтлэл оруулж, Орос, АНУ-ын хамтын ажиллагааг сайшаажээ. Нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын мэдээлснээр, Дмитриев өнгөрсөн сард Вашингтонд айлчлах үеэрээ Оросын газрын тосны томоохон бүх компанид АНУ-ын зах зээлд дизель түлш экспортлох зөвшөөрөл олгохыг Америкийн албаныхнаас хүссэн байна.
АНУ 2022 онд эхэлсэн Украины дайны улмаас 2025 оны аравдугаар сард Оросын газрын тосны компаниудад хориг тавьсан юм. Дизель түлшний экспорт нь Москвад хэдэн тэрбум ам.долларын орлого оруулж, Путиний Украины эсрэг дайныг үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой.
Украины төлөөлөгчид дайныг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээр АНУ-д айлчилж байх үеэр зарласан уг хэлэлцээрийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський шүүмжилж, “хүчирхэг түншүүдийн гаргасан сул шийдвэр” хэмээн тодорхойлжээ.
“Путинд барьж буй бэлэг энх тайвныг авчрахгүй, соёлт ертөнцөд ч ямар ч ашиг тус өгөхгүй. Орос улс дизель түлшнийхээ хариуд дахин айлган сүрдүүлэлт, урвалт хийх болно” гэж тэрээр X сүлжээнд бичсэн байна.
АНУ-ын хууль тогтоогчид ч уг хэлэлцээрийг шүүмжилжээ. Тэдний дунд Трампын өөрийнх нь намын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дон Бэкон багтаж байна. Тэрээр хоригийг цуцлахын оронд Конгрессоос саяхан баталсан нэмэлт хориг арга хэмжээг хэрэгжүүлэх цаг болсон гэж мэдэгджээ.