
Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний аминд хүрсэн хүрэн баавгайг урьд шөнө 22:15 цагт олж, аюулгүй болгожээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагууд хамтран баавгайг эрэн хайх ажиллагааг өчигдөр зохион байгуулсан. Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, зургаан хэсэгт хуваагдан урхи тавьж, дулаан мэдрэгчтэй дроноор хайжээ. Улмаар 6 орчим настай эр баавгайг 22:15 цагт олж, аюулгүй болгосон талаар БОУАӨЯ-наас мэдээллээ.