Энэ долоо хоногт дотоодод болсон үйл явдлын тоймыг хүргэе.
ӨМНӨГОВЬ АЙМАГ 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНД ГАРГАНА
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан болон Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Өмнөговь аймаг анх удаа бие даан 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж Даланзадгад хотод баригдах 50 мВт цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээр болж байна. Тус аймагт хоёр үндсэн шаардлагыг Засгийн газраас тавьж ажиллана. Санхүүжүүлэх төсөл нь өөрөө орон нутагт сөрөг дарамт учруулахгүйгээр үр өгөөжтэй байх. Мөн тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд Засгийн газарт өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлөх чадамжтай байх ёстой гэсэн хоёр үндсэн шаардлагыг тавьсан. Даланзадгад хотод 50 мВт ДЦС баригдсанаар томоохон бүтээн байгуулалт бий болно. Энэ онд Өмнөговь аймаг 1.7 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Дээрх 500 тэрбум төгрөгийн бондыг 3-5 жилийн хугацаатай гаргана.
ЗҮРХ, СУДАСНЫ ДЭД ТӨВИЙН ТӨСЛИЙН АЖЛЫГ ИРЭХ ОНД ЭХЛҮҮЛНЭ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Гуравдугаар эмнэлэгийн дэргэд Зүрх судасны дэд төв байгуулахаар шийдвэр гарсан. Уг дэд төвийг барууны стандартаар нийт 56,3 сая ам.долларын өртгөөр барина. Санхүүжилтийн 32,9 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас, 22,4 сая ам.доллар нь Люксембургийн Их Вант Улсаас буцалтгүй тусламжаар гарч байгаа. Ирэх жил эхлэх энэ төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ. 24 жилийн турш Эрүүл мэндийн яам болон Гуравдугаар эмнэлэг тус улстай хамтран ажиллаж, зүрх судасны өвчлөлт, шигдээс, харвалтын нас баралтыг бууруулах зорилгоор гурван төслийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эрүүл мэндийн салбарт өмнө нь хийгдэж байгаагүй том хөрөнгө оруулалтыг хийхээр шийдвэрлэлээ. Зүрх судасны дэд төв нь 15,600 м.кв талбай бүхий найман давхар цогцолбор байхаар төсөлд тусгагджээ. Тус төвд зүрх шилжүүлэн суулгах хүртэл эмчилгээний технологийг хийнэ. Мөн орон нутагт судсан доторх эмчилгээ хийдэг багийг сургана.
“АЛТАН НАМАР-2025” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1-Н ХҮРТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛНА
Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 1, 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 6, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 2, 4 дүгээр хороо гэсэн нийт долоон байршилд гараад эхэллээ.
“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байна.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.
“Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа дараах долоон байршилд гарч эхэллээ.
- Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
- Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
- Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
- Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
- Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
- Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
- Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байгаа/
НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЖ, 104 МЯНГАН ХҮҮХДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна. Наймдугаар сарын 15-ны байдлаар нийт 104,031 хүүхдийн бүртгэлийг эцэг, эх, асран хамгаалагч нь баталгаажууллаа. Энэ нь нийт хамрагдах хүүхдийн 70,5 хувь байна. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135,582 нь нийслэлд хамрагдах юм.