Монгол хэл бол Монголчуудын үндэсний үнэт зүйлсийн нэг. Хэл нь зөвхөн харилцааны хэрэгслээс гадна ард түмний түүх, сэтгэлгээ, ёс заншил, ертөнцийг үзэх үзлийг тээж ирсэн цогц үнэт өв юм.

Гадаад хэл гоё

Гаднын юм бүхэн гоё. Муухай байсан ч гоё, сайхан байсан ч гоё. Яг л ийм үзэл, бодол, төлөвшилтэй залуусын сүрэг эгнээ, хороогоороо үзэл бодолдоо бат итгэлтэйгээр эгнэн жагсаж байна. Уг нь ердөө хэдхэн жилийн өмнө дүү минь газар чихрээ унагачихаад “Гадаадын юм хортой. Газрын юм гаатай” гээд пүү гэж шороог нь үлээчихээд ам руугаа гулгуулчихдаг байлаа. Одоо харин тэр дүү минь оюутан болсон. “Гадаад л гоё”-уудын эгнээнд жагсдаг болсон. “Монголоос л зайлъя” гэсэн олон залуусын нэг болсон. Дүүг минь цэцэрлэгээс их сургууль орох зуур “Гадаад гоё”-уудын бүхэл бүтэн сүрэг бий болжээ. Маш богинохон хугацаанд буюу арван хэдхэн жилийн дотор ийнхүү өөрчлөгдөв.

Бүх гаднын зүйл гоё гэж байгаатайгаа адил гадаад хэл ч “гоё” болж, эх хэл маань ад үзэгдэв. Монголоос өөр хэрэглэхгүй газар энэ хэлийг сайн сурсан ч яалаа, байсан ч яалаа гэх хандлага цухалзах болов. Хэн нэгэнтэй ярихдаа, ярилцахдаа заавал гадаад үг хавчуулахгүй л бол болохгүй. Шалтгаан нь тэднийхээр “тэнэг” санагддаг. 

Ардын багш, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Өнөрбаян 

“Хэлээр нь ялгаварлан гадуурхах хандлага цухалзаж эхэлсэн. Тодорхой нэг хэлийг бусад хэлтэй харьцуулж баян, ядуу, хөгжсөн, хөгжөөгүй, чухал, чухал биш гэж үзэж болохгүй. Англи хэл дэлхийн иргэдийн хэл, монгол хэл зөвхөн монгол үндэстний хэл гэж ялгаварлан гадуурхах сэтгэлгээ цухалзаж эхэлсэн байна. “Хил даваад л хэрэггүй монгол хэлээр яах юм бэ” гэсэн сэтгэлгээтэй хүмүүс олширлоо. Гадаад хэл сурах, сургахыг хэн ч эсэргүүцээгүй. Харин эхлээд монгол хэл, соёл, сэтгэлгээтэй болсны дараа дэлхийн боловсрол эзэмших нь чухал байх.”

Ямар ч ард түмэн өөрийн хэлээ хадгалж, хамгаалж байж үндэстний оршин тогтнол, тусгаар тогтнолоо бататгаж чаддаг. Хэлний дархлаа гэдэг нь тухайн хэлний хэрэглээ, хөгжих чадвар, түүний амьд хэрэглээний орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологид ашиглагдах хүрээ зэргээр хэмжигддэг. Сүүлийн жилүүдэд монгол хэлний дархлааг суллаж буй зүйлүүдийн нэн түрүүнд гадаад үг хэллэг хэт ихээр хэрэглэх, монгол хэлний зөв бичих дүрмийг албаар зөрчиж алдаатай бичих, залуусын дунд хэлний яруу, зөв хэрэглээ багасах нь нийтлэг үзэгдэл болжээ.

Нэгэнт дадсаныг засах зөв үү

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Монсудар” хэвлэлийн газар тавдугаар сарын 1-5-ныг хүртэл “Хэл бичгийн өдрүүд” арга хэмжээ зохион байгуулсан. Энэ өдрүүдийн хүрээнд нийтлэлч Б.Болор-Эрдэнэ (Болушка) “Монголын нийгэм дэх хэлний консерватизм” лекц уншсан юм. Тэрээр залуус хэлээ эвдэж байна уу, эсвэл шинэчлэл хийж байна уу гэх асуудлыг хөндсөн юм. Илтгэлдээ нэгэнт нэвтэрсэн гаднын үгийг орчуулна гэж зүдэхийн оронд тэр чигээр нь хэрэглэхийг зөвлөв. Жишээлбэл, тэр “Гаднын үг хэрэглэхгүй байя гэдэг. Төвд хэлнээс зээлсэн эрэмбэ, шүлэг гэх үгийг тэгвэл хэрэглэхгүй гэвэл өөр ямар монгол уугуул үгээр сольж хэрэглэх вэ” хэмээв.

Мөн тэрээр “Хүмүүс уугуул монгол үгээр бич гэж шаардаад байгаа. Гэтэл манай хэлэнд ер гаднаас нутагшсан үг хэр олон байна вэ? Ихэнх хэлэнд зээлдмэл үг үгийн сангийн 30 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Ер соёлын харилцаанаас ангид таслагдсан, зөвхөн өөрсдийн авиа дуудлагаар харилцан ярилцдаг хүмүүсийн хэлэнд л зээлдмэл үг цөөн. Харин монгол хэлэнд хэчнээн байна вэ гэдэг их сонирхолтой. Хоёр монгол үг тутмын нэг нь зээлдмэл, галиг нутагшиж, авиа зүйд нийцэн суусан онцлогтой гэх нь ч бий. Ингээд би маргахдаа, “Намайг зээлдсэн үг битгий хэрэглэ гэж байгаа юм бол, өөрийнхөө комментоос бүх зээлдсэн үгээ хасчих” гэдэг” хэмээсэн юм. Нээрээ ч компьютер, интернэт, программ зэрэг үгийг хэрхэн монгол хэлэнд орчуулах билээ дээ. Зээлдмэл үгсийн сан нэмэгдэх нь өөр хэлний үгсийг зохистойгоор нутагшуулснаар илэрхийллийн арга, үгийн сонголт өргөждөг давуу талтай. Гэхдээ хамгийн чухал нь монгол үгээр орлуулах боломжтой үед аль болох өөрийн хэлний баялагт тулгуурлах юм.

Харь үг нутагшихдаа тухайн хэлний, тухайлбал монгол хэлний авиа зүйн төрхийг олж (жартаа гэдгийн адил), хэлц үг, өвөрмөц хэллэгийн хэлбэрээр хэрглэгдэж байгаа нь тухайн хэлний хөгжлийн талаасаа эерэг хүчин зүйл бөгөөд энэ нь аливаа хэлний үгийн сан баяжих нэг арга зам мөн. ХХ зуунд монгол хэлэнд нутагшсан харь үгс, тэдгээрийн нийгэм-соёлын үндэс нийтлэлээс

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ 

“Уламжлалт соёлын тухай агуулга бичихэд зээлдмэл үгийн хэрэг гардаггүй. Уугуул үгээрээ хангалттай илэрхийлж болж байна. Харин дэлхийн худалдааны дайны тухай, системийн агуулга бичихээр мэргэжлийн үг, жаргон ашиглах шаардлагатай тулдаг. Ингэхээр нөгөө хэд маань заавал шүүмжилдэг. Бичдэг хүмүүс хүртэл ийм реакц гаргадаг.”

Хэлний цаг хугацааны зөрүүг арилгах нь

Эх хэлнийхээ хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмнэх нэг хөшүүрэг бол эх хэлээ одоошуулж түгээх юм. Монгол ардын аман зохиол, сонгодог уран зохиолын бүтээлүүд нь өв соёлын нандин үнэт зүйл төдийгүй хэл, сэтгэлгээ, зан заншлыг үе дамжуулан хадгалж ирсэн эрдэнэ. Гэвч эдгээр зохиолын үг хэллэг, найруулга, дүрслэл нь өнөөгийн хүүхэд багачуудын хэл яриа, ойлголтын орчноос хэтэрхий холдсон тул шууд унших, ойлгоход хүндрэлтэй болсон нь нууц биш юм.

Сүүлийн хэдэн арван жилд монгол хэлэнд олон өөрчлөлт орж, шинэ үг хэллэг нэмэгдэж, зарим хуучин үг хэрэглээнээс халж, зарим нь бүр мартагдахад хүрээд байна. Хуучин зохиолуудын найруулга нь уран яруу, гүн гүнзгий ч хүүхдүүдийн хэл сэтгэлгээний өнөөгийн түвшинд нийцэхгүй тохиолдол олон. Энэ зөрүү нь зөвхөн үгийн утгад бус, сэтгэлгээ, дүрслэл, хэлбэрийн онцлогт ч хамааралтай. Иймд хүүхдүүдэд эдгээр зохиолыг танилцуулахдаа “орчуулга” тай адил ойлгомжтой хэлээр хөрвүүлэн хүргэх хэрэгцээ бодитоор тулгарч байна.

Хуучны хэл найруулгатай зохиолуудыг орчин үеийн хүүхдүүдийн хэл, сэтгэхүйн онцлогт тохируулан хөрвүүлж хүргэх нь соёлын тасралтгүй залгамж халааг хадгалах чухал алхам юм. Ингэхдээ тухайн зохиолын агуулга, утга санааг гуйвуулахгүйгээр, үг хэллэгийг тайлбарласан, уран зохиолын хэв маягийг хадгалсан, ойлгомжтой, хөнгөн хэлбэрээр дахин найруулан хүргэх нь зүйтэй.

Хуучны хэл найруулга бүхий бүтээлүүдийг хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэх нь тэднийг хэл соёлын үнэт өвтэй холбох, сэтгэлгээ, сэтгэл зүйн хүмүүжилд чухал үүрэгтэй. Энэ бол хэлний залгамж чанарыг хадгалах, үндэсний дархлааг бэхжүүлэх оюуны хөрөнгө оруулалт юм.

Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ 

“Хэлний өөрийнх нь язгуур үгийн санг судалж, сэргээх маш чухал. “Күсамакүра” номыг орчуулахаар ажиллаад мэдсэн. Оюун санааг хөндлөнгөөс, гуравдагч өнцгөөс ажиглах буддизмын үгийн сан бидэнд бол байна аа. 1000 жилийн үгийн сан байна. Харин Үндэсний номын санд хураалттай хэвтээд байдаг. Монголд хөгжөөгүй системийн үгийг аваад, монгол хүнд байсан юмаа уугуул үгээр илэрхийлж болно. Машин гэдэг үгийг орос хэлнээс авлаа. Харин feel ing гэдэг үгийг авахгүй байж болно. Литератур, фикшн болон нон фикшн тал руугаа ялгаатай хандах хэрэгтэй.”

 “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат 

“Хэлийг сайн хэрэглэвэл хөгждөг юм байна. Харин хэн нэгэн хөгжүүлдэггүй юм байна. Гэтэл хэн нэгэн этгээдэд хөгжүүлэх эрх мэдэл, санхүүжилтийг нь өгдөг энэ байдлыг хадгалж үлдэх сонирхол байх шиг. Хэлийг бүх хүн хөгжүүлж байгаа. Хэлийг өөрийн мэдэлгүй хөгжүүлж байгаа. Гаднаас үг авах, шинэ үг зохиохоос гадна монгол хэлний язгуур үгийг ч шинэ хэрэглээнд оруулах маягаар тэлэх ёстой.”

Хэлний дархлааг бэхжүүлэх өөр гарцууд

Монгол хэлний дархлааг сэргээх, хамгаалах олон арга зам бий. Жишээлбэл, боловсролын салбарт эх хэлний заах сургалтыг чанаржуулж, хүүхэд багаасаа эх хэлээ зөв, уран, баялаг үг хэллэгтэйгээр хэрэглэх орчныг бүрдүүлэх шаардлагатай. Мөн цахим орчинд монгол хэлний зөв бичиг, уран сайхны хэрэглээг дэмжсэн хөтөлбөр, аппликэйшн, уралдаан тэмцээн өрнүүлэх нь үр дүнтэй. Мөн төр засгийн зүгээс хэлний бодлогыг тууштай хэрэгжүүлж, албан байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл монгол хэлний зөв хэрэглээг манлайлан үлгэрлэх ёстой юм. Хэрвээ бид эх хэлээ хайрлаж, зөв хэрэглэж, хойч үедээ өвлүүлэн үлдээж чадахгүй бол оюуны тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. Тиймээс монгол хэлний дархлааг бэхжүүлэх үйл хэрэгт хүн бүрийн оролцоо, ухамсар, хүчин чармайлт чухал.