
Нийслэлийн хэмжээнд хуурайшилт, шар өвс, ой хээрийн гал түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун “Хаврын улиралд хуурайшилт нэмэгдэхийн хэрээр ой, хээрийн түймэр гарах эрсдэл эрс өсдөг. Зуслангийн бүсэд амьдарч буй зарим иргэд шар өвс шатаах, хашаандаа гагнуур хийх зэргээр ой хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Ой, хээрийн түймрийн 80 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд зуслангийн бүсэд шар өвс шатсан 348 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас 148,3 га талбай өртсөн.
Иймд нийслэлийн Байгаль орчны газраас хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан хамтарсан хөдөлгөөнт эргүүлийг эхлүүлээд байна. Эргүүлүүд ойн сан бүхий газруудад ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж байгаа. Ингэснээр түймэр гарах эрсдэлийг бууруулж, түргэн шуурхай арга хэмжээ авах боломж бий болох юм” гэв.