
Калифорни мужийн сонгогчид тэрбумтнуудад татвар ногдуулах саналыг няцаасан талаар Ассошиэйтед Пресс агентлагийн урьдчилсан тооцоонд дурджээ.
Саналын хуудсын 60 орчим хувийг тоолсны дараа эсэргүүцсэн санал 55.6 хувь, дэмжсэн санал 44.4 хувьтай байжээ.
Энэхүү саналын дагуу цэвэр хөрөнгө нь нэг тэрбум ам.доллароос давсан Калифорнийн оршин суугч тэрбумтнуудад нэг удаа таван хувийн татвар ногдуулах байв.
“40 дүгээр санал” (Proposition 40) нэртэй уг татвараар 100 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр тооцож ихэнхийг нь эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн боловсрол болон хүнсний тусламжийн хөтөлбөрүүдэд санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна.
АНУ-ын сенатор Берни Сандерс болон бусад дэвшилтэт үзэл баримтлалтай улс төрчид уг саналыг эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах арга зам, цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлж болох загвар хэмээн дэмжсэн. Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампын “Том, үзэсгэлэнтэй нэг том татвар” (One Big Beautiful Bill)-аар холбооны төсвөөс олгох санхүүжилт танагдах тул уг татвар зайлшгүй шаардлагатай гэж мэдэгджээ.
Гэвч Калифорни мужийн одоогийн захирагч Гэвин Ньюсом уг саналыг эсэргүүцсэн байна. Түүнийг 2028 оны Ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэж үздэг. Ньюсом болон “40 дүгээр санал”-ыг эсэргүүцэгчид уг татвар нь хэт чинээлэг хүмүүс болон технологийн салбарын бизнес эрхлэгчдийг Калифорниос нүүхэд хүргэж болзошгүй гэж тайлбарлажээ. Ингэснээр тэд орлогын албан татварын орлого болон ажлын байр бий болгодог бизнесүүдээ муж улсаас гаргана гэж үзсэн байна.
Google компанийг хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин зэрэг Калифорнийн тэрбумтнууд уг саналыг эсэргүүцэх кампанит ажилд дөрөвний нэг тэрбум ам.доллароос илүү хөрөнгө зарцуулсан гэдэг. Тэд энэ татвар нь Калифорнийн бүх оршин суугчдад илүү өндөр татвар ногдуулах эхлэл болж, тэтгэврийн хуримтлалыг нь ч онилж болзошгүй гэж мэдэгджээ.
Уг татварын санал бүтэлгүйтсэн нь АНУ-ын Конгрессын хоёр танхимд Ардчилсан нам олонх болсон “цэнхэр давалгаа” хэмээн нэрлэгдсэн завсрын сонгуулийн томоохон ялалтын дараа хүчээ авч байсан тус намын зүүний жигүүрт цохилт болж байна.