
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал уг төсөлтэй танилцаж, инфляцыг бууруулах, мөнгөний бодлого болон төсвийн бодлогын уялдааг хангах, Төв банкны алдагдлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар оролцов.
Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сарын байдлаар 13.4 хувьд хүрсэн бол эдийн засаг 7.6 хувиар өсөхөд өрхийн бодит орлого 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлогын өсөлт сүүлийн жилүүдэд саарч, инфляцын өсөлт иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр сүүлийн 15 жилийн хугацаанд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн нь ердөө таван жил байсныг дурдаад, үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэв.
Монголбанкны танилцуулгаар, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг байна. Монголбанкны алдагдал, зах зээл дэх илүүдэл мөнгөн нөөц бий болоход нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь төв банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд болохыг танилцуулгад дурдсан байна. Тухайлбал, 2012 оноос хойш нийт 15.8 их наяд төгрөгийн төсвийн шинжтэй санхүүжилт олгожээ. Үүнд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах болон бусад төсвийн шинжтэй хөтөлбөрүүд багтаж байна.
2012-2016 онд:
Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Энэ талаар Ерөнхий сайд Монголбанкны санал болгож буй тусгай үнэт цаас гарган төв банканд эзэмшүүлэх шийдлийг Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тус саналын хүрээнд жил бүр 1.5 их наяд төгрөгийн Засгийн газрын тусгай үнэт цаас гаргаж, 25 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна. Эхний таван жилд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй бөгөөд 2027-2031 онд улсын төсвөөс шууд зардал гарахгүй байхаар тооцжээ.
Монголбанкны тооцоогоор уг арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд 2032 оноос инфляцын нөлөөгөөр төсвийн урсгал зардал жилд дунджаар 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй. Харин тусгай үнэт цаас гаргасан нөхцөлд 2032 оноос жилд ойролцоогоор 0.5 их наяд төгрөгийн төсвийн зардал үүсэхээр тооцсон байна. Түүнчлэн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулж, зах зээлийн зохицуулагчийн үүрэгт шилжихээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингэснээр Монголбанкны өөрийн хөрөнгө нэмэгдэхээс гадна зах зээл дээр санхүүгийн шинэ үүсмэл хэрэгсэл бий болно. Мөн Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо үе шаттай бууруулах гэж байгааг дэмжиж буй бөгөөд Төв банкаар дамжуулан төсвийн шинжтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг хуулиар хориглох нь зүйтэй байна. Энэ тал дээр Сангийн яамныхан Монголбанктай хамтран ажиллаж хуулийн төслийг бэлтгэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өглөө.