
Хувийн сургуульд суудал баталгаажуулах хураамж сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байх шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Энэ нь олон сургуулийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавартай учир Монголын хувийн сургуулиудын холбооноос Боловсролын сайдад албан шаардлага хүргүүлээд байгаа юм. Бид энэ талаар Монголын хувийн сургуулиудын холбооны тэргүүн Г.Өнөрсайханаас тодрууллаа.
-Хувийн сургуульд суудал баталгаажуулах хураамж сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж, салбар яаманд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Зургаадугаар сарын 8-ны өдөр Боловсролын сайд Л.Энх-Амгалан төрийн бус өмчит сургуультай холбоотой тушаал гаргасан. Тус шийдвэртэй холбоотой зарчмын хэд, хэдэн асуудлыг Хувийн сургуулийн холбооны зүгээс дэмжиж байгаа. Тодруулбал, төлбөр тогтоосон шалтгаанаа зөв тайлбарлах, төлбөрийг уян хатан байдлаар хувааж авах зэргийг дэмжинэ. Харин тус журмын 1.4, 1.6 дахь заалтуудыг эсэргүүцэж байгаа. Юун түрүүнд, 10 хүртэлх хувийн суудлын баталгаажуулалт авна гэсэн агуулга байгааг хүчтэй эсэргүүцнэ. Бид тус шийдвэрийг түдгэлзүүлэх хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг авах байр суурьтай байгаа. Өчигдөр албан шаардлагаа Боловсролын яаманд хүргүүлсэн. Энэ шийдвэр нь хууль эрх зүйн заалтуудыг ноцтой зөрчсөн, хууль бус. Түүнчлэн бидний оролцоог огт хангаагүй, мэдээлэл ч бүрэн өгөөгүй. Тиймээс бид шат, шатны байгууллагад хандахаар төлөвлөөд ажиллаж байна.
-Улсын хэмжээнд, нийт хэчнээн хувийн сургууль үйл ажиллагаа явуулж, хэдэн хүүхдэд сургалт, хүмүүжлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд 183 хувийн хэвшлийн сургуульд 80 мянган хүүхэд суралцаж байгаа. Төрийн ачааллын 10 хүүхэд тутмын нэгийг нь үүрээд явж байгаа. Хэрэв төр энэ 80 мянган хүүхдийг сургах юм бол жилд 225 тэрбум төгрөгийн зардал гарна. Энэ хүүхдүүдийг сургах сургуулийг барьж байгуулахын тулд улсын төсөвт 1.2 их наяд төгрөг шаардлагатай.
-Сургуулиуд төлбөрийн хэдэн хувийг авч, суудлаа баталгаажуулдаг вэ?
-Бид 92 сургуулиас судалгаа авч үзсэн. 95 хувь нь хоёр болон түүнээс дээш хувиар төлбөрөө хувааж авдаг. Суудлын баталгаажуулалтын хувийн тухайд, 10-50 хувийн хооронд хэлбэлзэж байна. Хувийн байгууллага зах зээлийн зарчмын дагуу ажиллах ёстой. Гэтэл төр хувийн байгууллагын үйл ажиллагаа руу орж, ардчилсан бус коммунист шийдвэр гаргаж байгаа нь маш харамсалтай.
-Суудал баталгаажуулах төлбөрийг сургуулиуд юунд зарцуулдаг талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ хувь, хэмжээнд хязгаарлалт тогтоосноор ямар эрсдэл бий болох вэ?
-Дийлэнх сургууль зээлээр сургуулийн байр, тохижилт, хэрэглэгдэхүүнээ авдаг. Мөн зуны хугацаанд багш нарын ээлжийн амралтын 48 хоногийн цалин боддог. Мөн хугацаанд засвараа хийж, тоног, төхөөрөмжөө шинэчилдэг. Түүнчлэн гадаад багш нарыг урьж авчрах, татвар, нийгмийн даатгалын шимтгэл тэргүүтэй олон зардал гардаг. Гэтэл суудлын баталгаажуулалтын төлбөрийн хувь, хэмжээг төр тогтоосноор сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, багш нар ажлаа алдаж, хүүхдүүд суралцах сургуульгүй ч болох эрсдэл үүснэ. Төрийн үзүүлэх хамгийн сайн дэмжлэг бол хувийн байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байх. Бид тийм л зүйл хүсээд байгаа. Л.Энх-Амгалан сайд хувийн сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийсэн. Улс төрөөс ангид байх учиртай хамгийн чухал салбар бол боловсролын салбар гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардын намын аль эсвэл төрийн өмчийн сургуулиудын сайд биш. Монгол Улсын боловсролын сайд гэж бид хардаг.