
Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнте нэг жилийн дотор хоёр удаа хүний амь эрсэдсэн галт тэрэгний осол гарсны дараа огцрохоо мэдэгдэв. Ослын сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногт болж, 69 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.
“Би уг эмгэнэлт явдал болсны дараахнаас л шийдвэрээ гаргасан. Испани шиг улсад Тээврийн сайд нэг жил хүрэхгүй хугацаанд ийм хэмжээний хоёр ч осол гарсны дараа албан тушаалдаа үлдэх боломжгүй. Осол бүрийн нөхцөл байдал өөр, мөн сайд шууд хариуцлага хүлээх эсэхээс үл хамааран ийм шийдвэр гаргах ёстой” гэж Пуэнте хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн мөргөлдөөний дараа олон улс төрч болон Испанийн тээврийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл Пуэнтег огцрохыг шаардсан байна. Ослын орой цагдаа нар Тээврийн яамны төв байрны гадна цугласан хэдэн зуун жагсагчтай мөргөлджээ. Жагсагчдын зарим нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчесыг мөн огцрохыг шаардсан лоозон барьсан байв.
Пуэнтегийн огцрох тухай мэдэгдэл тус улсад бүх нийтийн сонгууль болохоос ердөө гурван долоо хоногийн өмнө гарлаа. Сайд энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.