Тайланд, Камбожийн хоорон дахь хилийн мөргөлдөөн гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Тэгвэл Камбожийн их бууны суманд эхнэр, хүүхдээ алдсан 40 настай Тайланд эр болох Комсан Прачаны эмгэнэл цахим орчинд ил болж олныг цочирдуулаад байна.
Хоёр улс харилцан галлаж эхлэхэд Прачан их бууны дуу сонссон хэдий ч гэр бүлээ аюулгүй газар байгаа гэж боджээ. Тэдний байшин аюултай бүсэд ороогүй тул нүүлгүй үлдсэн байна. Тэгтэл дайсны харвасан их бууны сум Тайландын хил орчмын “7-Eleven” дэлгүүрийг устгахад хөнгөн зууш авахаар дэлгүүр лүү орсон эхнэр, хүүхдүүд нь өртөж нас баржээ.

Эхнэрийнх нь хамт түүний 14 настай охин, 9 настай хүү, хүүгийнх нь найз байжээ.
Прачан “Ройтерс” агентлагт өгсөн ярилцалгадаа “Дэлбэрэлт болох үед би эхнэр, хүүхдээ л бодсон. Би бүх итгэл найдвараа алдсан. Энэ газар луу дайрна гэж бодоогүй. Би зүгээр л хараад зогсож байсан” гэж ярьжээ.