
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номыг монгол хэлнээ орчуулан гаргажээ.
Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт буддын судлаач, санскритч, хэл шинжлэлтэн профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн, 568 нүүр хуудас бүхий нэг сэдэвт томоохон бүтээл юм. Уг ном Энэтхэг-Азийн утга зохиолын Шата-питака (Sāta-piṭaka) цувралын 640 дүгээр ботид 2013 онд хэвлэгдсэн бөгөөд одоо Монгол Улсад анх удаа уншигчдын гарт монгол хэлээр хүрч байна.
Ном нь монголчуудын буддын утга зохиолыг хөгжүүлсэн түүх, монгол бар хэвлэл, судар номын онцлог шинж, Монгол Ганжуур, Данжуурын эрдэм шинжилгээний ач холбогдол зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд нийт 22 бүлэг, ном зүй, хавсралтаас бүрдэнэ.

Номын зохиогч профессор Локеш Чандра нь эцэг профессор Рагу Вира (1902–1963)-гийн үйл хэргийг залгамжлагч юм. Профессор Рагу Вира 1932 онд Лахор хотод “Энэтхэгийн соёлын олон улсын академи”-ийг үүсгэн байгуулж, Шата-питака цувралыг үндэслэн хөгжүүлсэн нэрт эрдэмтэн юм. Тэрбээр дэлхийд тархан хадгалагдаж буй санскрит бичвэрүүдийг цуглуулах зорилгоор Монгол, Хятад, Оросоор аялж, арвин их судар ном цуглуулсан байдаг.
Рагу Вира 1955 онд БНМАУ-д анх айлчлах үеэр Ерөнхий сайд Ю.Цэдэнбал монгол, төвөд хэлээр туурвисан 5000 гаруй буддын шашны бүтээлийг өргөн барьсан нь хоёр улсын хооронд соёлын гүүр тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ.

Орчуулгын ажлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран гүйцэтгэсэн байна. Орчуулгад С.Янжинсүрэн (Ph.D), С.Дэмбэрэл (Ph.D), Л.Өлзийт (Ph.D), О.Бумдарь (Ph.D), Ц.Гаадмаа нар ажилласан бол Д.Бүрнээ (Ph.D), Э.Оюундэлгэр (Ph.D), Д.Юмчинхорлоо (Ph.D) нар хянан тохиолдуулжээ.