Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар “Алт-3”  аяныг  хэрэгжүүлэх  зарим  арга  хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хэсэгчлэн тавьсан хоригийн талаар хэлэлцлээ. 

Хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолын 5 дугаар заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү яаралтай өргөн мэдүүлж, өөрчлөлт оруулахаар дурдсан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 болон 47 дугаар тогтоолд зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон эко системд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан байдаг. Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй гэсэн юм. 

Одоогоор 230 тонны алтны нөөц байна. Аж ахуйн нэгжүүдэд  төрийн дарамтыг багасгаж, олгосон лицензийн хүрээнд үйл ажиллагаа явуулан, алтны үндсэн оруудуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой, үр дүнтэй талаар  холбогдол судалгаа тооцоолол бий. Харин голын ай сав, төрийн улсын тусгай хамгаалалт, улмаар төрийн тахилгатай газар дайруулж газар нутагт лиценз олгох шаардлагагүй гэдгийг тодотгов.

Ингээд “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  хүлээн авах нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.