
Хэдэн сарын өмнө хосгүй үнэт үзмэрүүдээ хулгайд алдсан Луврийн музейн захирал албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргав.
Луврын музейн захирал Лоренс дес Карс огцрох хүсэлтээ Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд өчигдөр өргөн барьжээ. Түүний хүсэлтийг хүлээж авсан Макрон “Музейн аюулгүй байдал, шинэчлэлтэй холбоотой томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд тогтвортой байдал, шинэ эрч хүч хэрэгтэй байгаа” цаг үед зөв шийдвэр гаргасныг нь сайшаажээ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 19-ний өглөө хэсэг этгээд Сена мөрөн рүү харсан тагтаар дамжин музейд нэвтрэхдээ автомашин дээр суурилуулсан механик өргөгчийг ашигласан юм.
Уг хэргийн дөрвөн гол сэжигтнийг цагдаа нар баривчилсан ч нийт 88 сая еврогийн үнэ бүхий найман ховор үзмэр одоо болтол олдоогүй байгаа. Үүнд эзэн хаан Наполеоны гэргийдээ бэлэглэсэн алмааз, маргад эрдэнийн зүүлт багтдаг.
Мөн хулгайч нар зугтахдаа 19 дүгээр зууны Евгений хатны алмаазан шигтгээтэй титмийг газарт унаган гэмтээсэн юм. Энэ сарын эхээр Луврийн музейн захиргаа уг титмийн шинэ гэрэл зургийг нийтэлж, бараг бүрэн бүтэн үлдсэн тул сэргээн засварлах боломжтойг мэдэгдэж байв.
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй музей гэгддэг Луврт жилд 8.7 сая гаруй хүн зочилдог ч аюулгүй байдлыг сайжруулах хөрөнгө оруулалт удааширч байсан нь энэ хулгайгаар ил болсон. 2021 онд Луврийн захирлаар томилогдсон Дес Карс хяналтын камерын тоог хоёр дахин өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.