
Шотландын жүжгийн болон хүүрнэл зохиолч Жэймс Мэттью Барри нь хүүхдийн төсөөллийн хил хязгаарыг тэлсэн өвөрмөц ертөнцөөрөө уран зохиолд мөнхөрсөн нэгэн агаад энэ өдөр төржээ. Түүний бүтээлүүд хөнгөн мэт атлаа дотоод гуниг, өсөж том болохын эмзэг сэдвийг гүнзгий хөнддөг.
PETER PAN
Барригийн хамгийн алдартай бүтээл бол мэдээж “Питер Пэн”. Хэзээ ч том болдоггүй хүүгийн тухай энэ түүх хүүхэд насны мөнхийн бэлгэдэл болсон. Нэг талаас адал явдал, үлгэрийн арал байхад нөгөө талд том болохоос айх, цаг хугацаанд ялагдах зэрэг хүний эмзэг чанар нуугдана. Питер Пэн бол зүгээр нэг хүүхдийн баатар бус харин насанд хүрэх ямархан дүрэм журам, дотоод зөрчил дэх олон асуудлыг үүтгэл гэдгийг хөндсөн бүтээл юм.
THE LITTLE WHITE BIRD
Энэхүү роман нь Питер Пэний анхны хувилбар гарч ирдэг гэдгээрээ онцлог. Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд өрнөх түүх уншигчдын хайртай баатар хэрхэн төрсөн талаарх эхлэлийг үзүүлнэ. Хүүхэд нас, ганцаардал, төсөөллийн ертөнцийн заагийг Барри маш нарийн мэдрэмжээр бичсэн. Уг бүтээл нь түүний уран бүтээлийн философийн суурийг илтгэдэг.
PETER AND WENDY
“Питер Пэн”-ий зохиомжийг роман хэлбэрт оруулсан хувилбар нь уг бүтээл. Уншигчдад илүү дэлгэрэнгүй өгүүлэмж, дүрүүдийн сэтгэл зүйн гүн рүү нэвтрэх боломж олгодог. Вендигийн дүрээр дамжуулан өсөж том болох, хариуцлага хүлээх тухай сэдвийг илүү тод гаргасан. Энэ бол ид шидийн цаадах гунигт үнэнийг илчилсэн хувилбар гэж хэлж болно.
THE ADMIRABLE CRICHTON
Нийгмийн давхарга, хүний мөн чанарын талаар хошин атлаа шүүмжлэлтэй хандсан жүжиг. Нэгэн арал дээр хаягдсан язгууртнууд ба тэдний үйлчлэгчийн байр суурь хэрхэн солигдохыг харуулна. Барри энд анги давхаргын хийсвэр ойлголтыг нурааж, бодит чадвар, ухаан л жинхэнэ үнэ цэн болохыг харуулдаг. Хошигнолын цаана нийгмийн хурц шүүмж агуулагддаг.
DEAR BRUTUS
Цаг хугацаа, хувь заяа, “хэрвээ…” гэсэн асуултыг хөндсөн жүжиг. Дүрүүд өөрсдийн амьдралын өөр хувилбартай нүүр тулж, өөрөөр амьдарч болох байсан эсэхийг мэдэрдэг. Энэ нь хүний сонголт, алдаа, харамслыг гүн ухааны түвшинд авч үзсэн бүтээл болохыг илтгэнэ. Ерөнхийдөө Жеймс Мэттью Барр-гийн бүтээлүүдийг зөвхөн хүүхдийн уран зохиол гэж харах нь өрөөсгөл. Түүний ертөнц бол хүүхэд насны гэгээн дурсамжийг хадгалсан атлаа, том болохын хэрээр гуниг хуруулдаг цаг хугацааны хатуу үнэнийг сануулсан давхар утгатай орон зай билээ.