
Гэрэл зурагт элдэв тодорхойлолт хэрэггүй байж мэднэ. Ямар ч цаг үед гэрэл зураг ой санамжийн гэрч байсаар ирсэн. Ой санамжгүй үндэстэн мөхдөг жамтай.
Нөгөө талаас ахуйн үнэнийг гэрэл, сүүдрээр зурах урлаг. Сайн гэрэл зурагт бүгд бий ч гэлцдэг. Америкийн дайны гэрэл зурагчин Жеймс Нахтвей “Би түүхийг хувь хүмүүсийн тавилангаар дамжуулан үлдээхийг хүсдэг. Түүхийг ганц хүний, нэгэн гэр бүлийн эмгэнэлээр харуулахыг зорьдог” хэмээсэн удаатай. Тэгвэл иргэдийн, улс орны түүхээс тасалж үл болом агшин бүрийг гэрэл зургийн хуудаснаа аргамжиж үлдээсэн “Гамма” агентлагийн 30 жилийн ой тохиож байна. 30 жилийн тэртээ гэрэл зурагчин С.Цацралт, Л.Ганзориг, Ц.Батзориг нар “Гамма” агентлагийг үүсгэн байгуулсан нь баримтат гэрэл зургийн салбар дахь хувийн хэвшлийн анхдагч байв. Өдгөө харин тэдний бүтээсэн архив, гэрэл зургийн цомог, нийтэд толилуулсан үзэсгэлэн зэрэг нь Монголын нийгэм дэх гэрэл зургийн хүрээг тэлж, өвийг зузаатгав. Ийнхүү хүний амьдралын мартаж үл болох гашуун үнэнийг анзаарах, гэгээтэй агшныг зургийн хэлээр бичдэг институц болтлоо өргөжсөн юм.
Гэрэл зураг хэзээ ч хөгширдөггүй
МУСГЗ, “Гамма” агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг, гэрэл зурагчин С.Цацралт
Уламжлалыг үрслүүлэгч
Бид гучин жилийн хугацаанд асар сонирхолтой нийгэм цаг үе, түүхийн гэрч болсон. Гэхдээ улс орны түүхийг Гаммагийнхан гэрэл зургаар бүрэн бүтэн бичсэн гэж ойлгох нь учир дутагдалтай. Мэдээж хүн бүр л чаддаг зүйлээ хийж ирсэн нь цаг үеийнхээ үнэнг байгаа чигээр нь дуранд буулгасан хэрэг. Бүтээсэн өвийн үнэ цэн, сайн мууг нь хожим цаг хугацаа дэнслэх биз. Монгол Улс нэг нийгмээс нөгөө рүү шилжсэн. Хүний амьдралын түүхэнд богинохон атлаа асар сонирхолтой үеийг бид туулсан. Харин “Гамма” агентлагийн гэрэл зурагчид бол тэдгээрийн гэрч нь юм.

Бидэнд нэг онцлог байдаг нь манай бүх гэрэл зурагчин ажилдаа дуртай. Энд төлөвшиж үлдсэн үнэ цэн нь хэн ч үзэл бодлоо худалдахгүй гэдэгт оршдог.
Тэгээд ч гэрэл зураг бодитойгоос гадна тухайн зургийн авсан зурагчны үзэл бодол бүтээлээс нь үргэлж илэрч байдаг. Тиймээс л үнэн гэх зүйлийн талаар хөндөж байгаа юм. Нөгөөтэйгүүр гэрэл зургийн урлагт уран сайхантай хандах ёстой. Дан гагц зураг авдаг хүн байх хангалтгүй. Ном уншдаг, өнгөрсөн үеийн түүхээ судалдаг, гоо сайхныг мэдэрдэг байх нь чухал. “Гамма”-гийн үе үеийн залуучууд өөрсдийгөө ямагт хөгжүүлж, уг чиг хандлагыг баримталж ирсэн. Тэгээд ч гэрэл зургийн уламжлал гэдэг мөнхийн юм. Гэрэл зураг хөгширдөггүй. Харин зарим хүн насныхаа бүтээлийг хийчихсэн гэж ярьдаг. Харин манай “Гамма”-гийн гэрэл зурагчид насныхаа бүтээлийг удахгүй авна л гэцгээдэг. Тэгэхээр ойлгомжтой биз дээ.
Гамма гэдэг нь бүх зүйлд хүрнэ, нэвтэрнэ гэх утгатай
МУСГЗ, “Гамма” агентлагийн үүсгэн байгуулагчдын нэг, гэрэл зурагчин Л.Ганзориг
“Гамма” агентлагийг байгуулахад гурван жилийн хугацаа зарцуулсан. Хамтрагчид маань мундаг, нэлээд туршлагатай хүмүүс. Хоёулаа тухайн үеийн ЗХУ-д фото сэтгүүлчээр суралцаж төгссөн. С.Цацралт ах “Үнэн” сонин, Ц.Батзориг Улсын гэрэл зургийн газар сурвалжлагчаар ажиллаж байсан. Харин би Р.Даваажав найзтайгаа анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг болох “Монголын дуу хоолой” сонинг үүсгэн байгуулж, түүндээ зориулан өдөр тутамд зураг авдаг байсан. Тасралтгүй зургаан жил гэрэл зураг авч, сониныхоо үйл ажиллагааг явуулсан тул багагүй туршлага хуримтлуулсан. Би Ц.Батзоригтой 1993 оноос илүүтэй дотносож Ховд, Увс зэрэг аймгаар аялалд нэлээд хамт явсан.

Бидний ярианы сэдэв хувийн агентлагтай болох тухай мөрөөдөл байсан. Уг мөрөөдөл маань яваандаа бодит болж удаан ярилцаж байж агентлагаа байгуулсан. Мэдээж өөр олон хүний тус дэм бий. Миний сайн найз, японы гэрэл зурагчин Оцүка Томонори мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд ямар техниктэй байх, хэрхэн ажиллах зэрэг зөвлөгөө, тусламж үзүүлсэн. Дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг хүн бол Такеүчи Тошинобү гэх миний багш. Багш маань гэрэл зургийн архивыг хэрхэн байгуулах, зургийн үнэлгээ ямар байх вэ гэдгийг зааж сургасан. Мөн өөрсдийгөө хэрхэн таниулж, сурталчлахгүй вэ гэдэг дээр ч заавар зөвлөгөө өгч хар цагаан зургийн цаас, хальс зэрэг олон юмаар тусалж дэмжсэн. Японы “Каппа” сэтгүүлд бид гурвын зургийг нийтэлж, тухайн үедээ нэлээд их шагналын мөнгө өгч байсан. Басхүү Сүгияама Тэрүзо, Тэцүро Шимүзү гээд тусалж, дэмжсэн одоо ч манай гэрэл зурагчидтай холбоотой, заавар зөвлөгөө өгдөг олон сайхан хүн бийг дурдахгүй өнгөрч болохгүй.
“Гамма” гэдэг нэрийн тухайд бол Ц.Батзориг өгсөн. Хэт хашхичсан зураг авахгүй, хүний эрхийг зөрчихгүй, хүнлэг энэрэнгүй байх зэрэг агентлагийн баримтлах зарчмыг ч ерөнхийд нь гаргасан. Одоо болтол “Гамма”-д энэ зарчим хэвээрээ байгаа болов уу гэж боддог. Гамма бол грек цагаан толгойн гурав дахь үсэг. Гамма туяа нь бүх зүйл рүү хүрнэ, нэвтэрнэ гэх утгатай. Манай агентлагийн хувьд 1990- ээд оноос хойших жагсаал цуглаан зэрэг бүх хүний нүдэн дээр болж өнгөрсөн олон, олон үйл явдлыг баримтжуулж авч үлдсэнд оршино. Ерөөс баримтат гэрэл зургийн амин чанар нь өнгөрч байгаа цаг хугацааны үнэнийг хойч үеийнхний ой санамж болгон үлдээх байдаг.
Үнэн байх, бид эл зарчмыг баримталдаг
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа
Бид яг одоо гучин жилийн ойд зориулан гаргаж буй гэрэл зургийнхаа эмхэтгэлийг харж сууна. Зургуудаа харсан чинь Монголын нэн шинэ түүх тэр чигээрээ байна гэх бодол төрсөн. “Гамма” агентлаг түлхүү баримтат гэрэл зургаар дагнадаг. Мэдээж байгалийн гэрэл зураг сайхан. Гэхдээ байгаль гэдэг чинь хүний гар хүрэхгүй л бол тийм амархан хувьсан өөрчлөгддөг зүйл биш. Харин бидний амьдрал ахар богино хугацаанд өөрчлөгдөж байна. Өчигдөрхөн мэддэг байсан зүйлс өнөөдөр бүдгэрч байгаа. Харин тэр бүгдийг гэрэл зурагт буулган аргамжиж чадсандаа баяртай байдаг. Хамгийн гол нь юмс хэрхэн хувьсаж буйг манай агентлагийн зургууд харуулна. Хэдий бид “болохгүй, бүтэхгүй” байна гэж ярьдаг ч өөрчлөгдөж байгаа нь л чухал. Сайн ч, муу ч байсан өөрчлөгдөнө гэдэг урагш дэвжиж буйн илрэл. “Гамма”-гийн түүх үүнийг л харуулдаг.

Би 1998 онд “Гамма” агентлагт орсон. Түүнээс өмнө өөрийгөө гайгүй зураг авдаг, гэрэл зурагчин болчихсон гэж л бодож явсан. Гэтэл удаан хугацаанд гэрэл зургаар дагнаж, түүгээрээ бүтээл хийж яваа хүмүүсийн дунд орохоор өөр юм билээ. Урт хугацааны ажил төлөвлөж, түүндээ өөрийгөө дайчилж, гэрэл зураг авна гэдэг үнэхээр тэс ондоо. Одоо ч бид нэгнээсээ суралцаж, уламжлалаа үрслүүлж, өв сангаа улам баяжуулахын төлөө зорьсоор л явна. Хамгийн гол нь баримтат гэрэл зураг үнэн байх ёстой. Бид энэ л зарчмыг баримталж өдий хүрсэн, цаашдаа ч тэгнэ.
Баримтат гэрэл зурагчид бодит үнэнээс зугтдаггүй
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж
Үнэн бодит үзэл санаа
Би “Нарантуул” гэж нэртэй баримтат гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэнгийн зургийг авахдаа Нарантуулын нэг худалдаачинг сонгож дүрээ болгоод Бээжингээс бараа татаж эргэн ирэх хүртэл нь хамт явсан юм. Бараагаа авах, түүнийгээ үүрч галт тэргэнд хэрхэн суух зэрэг бүхий л үйл явдлыг нь гэрэл зурагт буулгасан. Харин галт тэрэг дотор нөгөө хүнийхээ зургийг авч байтал бусад худалдаачид, монголчууд надад уурласан. Тэд “Чи монгол хүмүүсийн зовж, зүдэрч явааг харуулж яах гэсэн юм бэ, явж тэр сайхан байгалийн зургийг аваач” гэж загнасан. Үүнээс үзэхэд манай иргэд бодит үнэнээс зугтдаг. Магадгүй тэд амьдралаа их гоёор харахыг хүсэж байгаа болов уу. Энэ ч мэдээжийн л зүйл. Харин баримтат гэрэл зураг бол тухайн зүйлийг бодитоор л харуулна. Тиймээс ч дийлэнхэд нь энэ төрөл хэт бараан сэтгэгдэл төрүүлдэг байх.

Би 2008 онд “Гамма” агентлагт орохоосоо өмнө өдөр тутмын сонины гэрэл зурагчин байлаа. Сонинд ажиллаж байхдаа юу ажигласан бэ гэхлээр өдөр тутмын үйл явдалтай түлхүү хөөцөлддөг. Мэдээж юуг, ямар зураг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг байсан. Гэвч тухайн өдрийнхөө мэдээнд тохирсон зураг өгөхөд л болоод явчихна. Ерөөс ажил үүрэг нь тийм. Харин “Гамма”-д орсноороо илүү ахуйн, бүтээлч шинж чанартай зураг авах тал дээр анхаарч эхэлсэн. Тэгээд хүмүүс үнэнтэйгээ нүүр тулахаас айдаг, түүнийгээ хүлээн зөвшөөрдөг болохыг ч анзаарсан.
Гэхдээ баримтат гэрэл зургийн талаарх хүмүүсийн сэтгэгдэл бол яг одоо цаг дээрх бодол. Цаг хугацаа өнгөрөх хэрээр “Нээрээ бид ийм л байсан шүү дээ” гэж сэрнэ. Тиймээс л баримтат гэрэл зурагчид бодит үнэнээс зугтдаггүй. Бүтээлийнх нь үнэ цэнийг харин мөнөөх цаг хугацаа харуулна.
Гэрэл зурагт уран бүтээлчийн сэтгэмж, сэрэхүй хэрэгтэй
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Нямгэрэл
Оюутан ахуй цагтаа ерөөсөө л гэрэл зурагчин болъё гэж шийдсэн. Тухайн үед сонин, сэтгүүл дээр гарсан гэрэл зураг, түүнийг авсан зурагчных нь нэрийн дэргэд “Гамма” гэх нэр үргэлж харагддаг байж билээ. Тэгээд л гэрэл зурагчин болохоор шийдэж “Гамма” агентлаг орсон. Би ер нь анх энд орж ирээд гэрэл зураг авах бус бараг л номын санч болсон доо. Үнэндээ суралцах үйл явц ингэж эхэлсэн гэх үү дээ. Нөгөө талаар дэлхийн алдартай гэрэл зурагчдын бүтээлүүдийг үзэж, онол номыг нь ч харсан. Нэг ёсондоо судалгаа хийж байгаа юм л даа. Тэгээд домогт гэрэл зурагчин Филипп Халсманы зургуудыг үзээд ерөөсөө л хөрөг зураг авъя гэж шийдсэн. Уг шийдвэрээс л үүдэж жинхнээсээ гэрэл зурагт суралцаж эхэлсэн. Гэхдээ одоо хүмүүсийн хөрөг гэхээс илүүтэй үзмэрийн зураг түлхүү авах болж, түүгээрээ дагнаад явж байгаа. Мэдээж өөр төрлийн зургууд ч авна. Мөн Токиод байхдаа Сүгияама Тэрүзогийн шавь болсноор их зүйлийг сурсан. Аливаа хүний бүтээсэн алдартай баримлын зургийг буулгах боллоо гэж санахад ямар өнцгөөс, хэрхэн авах вэ гэдэг их чухал. Аль өнцгөөс нь гаргах, тухайн бүтээлийн гараа гаргаж, тархиа гашилгаж, ураа шингээж хийсэн хэсгийг нь онцолж харуулах болно. Түүн дээр нь гэрэл, сүүдрээ хэрхэн тааруулах зэргийг ч давхар бодолцоно.

Тиймээс миний хувьд сууж судлах, унших ажил түлхүү байдаг. Музей, үзмэрийн зургийг авлаа гэхэд зүгээр ч нэг камерын дуран чиглүүлээд дарчихгүй. Учир нь гэрэл зурагт уран бүтээлчийн сэтгэмж, сэрэхүй хэрэгтэй. “Гамма” агентлагийн зурагчид тэгж ажилладаг. Үзэл бодол нь тогтсон, түүндээ үнэнч хүмүүс байдаг. Шинээр залуучууд орж ирлээ гэхэд хэн ч үзэл бодлоо тулгахгүй. Тэр хүүхдийг жинхэнэ гэрэл зурагчин болгохын төлөө чиглүүлж, зөвлөдөг. Өдгөө гучин жилийн туршид бүтээсэн “Гамма”- гийн гэрэл зурагчдын өвийг харж байхад нэг зүйл бодогдож байна. Үзэл санаа, үнэн бодит байдал. Гэрэл зургийн сайхан нь энэ.
Гамма гэхээр л ихэнх хүний дотор гэрэл зураг л буудаг
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Давааням
Би анх гэрэл зурагчин Л.Элбэгзаяа ахаараа дамжуулан “Гамма” агентлагт орсон. Өдгөө хорин жил болжээ. Эндээ ажиллахын хажуугаар “Noise Art Media” болон баримтат гэрэл зургийн Ц.Батзориг сангийн үйл ажиллагааг хариуцдаг. Мэдээж эл бүгд “Гамма”-гаас ургасан л салаа мөчир. Гэрэл зурагт хайртай, сонирхдог хүн бүр энд ирж даган дуурайх, суралцах зэргээр өөрийгөө хөгжүүлдэг. Ингээд бодохоор “Гамма” бол гэрэл зургийн нэлээд том дэг сургууль гэж боддог. Гэрэл зураг бол нэг талаас өөрийн гэх гүн ухаантай урлаг. Тэр нь “Гамма”-д бат шингэсэн.

Үүнээс гадна би Ц.Батзориг сангийн үйл ажиллагааг авч явдаг гэж хэлсэн дээ. 2013 онд тэр хүний эхнэр, үр хүүхдүүдтэй нь хамтарч уг санг байгуулсан. Би Ц.Батзориг агсанг хүндэлдэг, үйл хэргийг нь гүйцээх сэн гэж хүсдэг. Энэ хүн 2001 онд нисдэг тэрэгний ослоор мөнх бусыг үзүүлсэн ч авсан зургууд, хийсэн бүтээлүүд нь өдгөө ч бусдын талархал, хүндэтгэлийг хүлээсэн хэвээрээ байгаа. Ер нь бүтээл хийсэн хүн үлддэг, дурсагддаг жамтай. Өдгөө ч эл гэрэл зурагчны тухайд хувь хүн талаас нь ч тэр, бүтээлийнх нь үүднээс ч тэр муугаар хэлж, дурсаж байгаа хүнтэй учирсангүй. Бүгд л эерэгээр ярьж, дурсдаг. Ц.Батзориг гэх хүн зуурдаар амь эрсдээгүй бол Монголын гэрэл зурагт их юм хийсэн байсан даа гэцгээдэг. Энэ нь ч надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. ЗХУын Ленинградын их сургуулийг гэрэл зургийн сэтгүүлч мэргэжлээр төгссөн мэргэжлийн гэрэл зурагчин шүү дээ. Төгсөж ирээд тухайн үед тогтсон гэрэл зургийн барил, хандлагыг өөрчлөхийг оролдож байсан. Тэгж ч чадсан гэж боддог. Яг энэ цаг мөчид өөрөө байхгүй ч бүтээсэн үнэ цэн, үлдээсэн өв нь их. Тэр одоо ч гэрэл зургийн ертөнцөд амьдарч байгаа.
Гэрэл зурагт ямар ч хуурмаг зүйл байх ёсгүй
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинааш
Сэрэхүй
Надад гэрэл зураг авах тогтсон арга барил үгүй. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж ажилладаг. Зургийг авч байгаа тухайн хүмүүстэй ойртож, ярилцаж, ойлголцож байж зураг авах дуртай. Тэгж байж дүрүүд маань илүү чөлөөтэй болно. Түүнээс бус намайг зургийг нь авч байгааг мэдээд тухайн хүн илүү их хичээх, биеэ барих, хэт жүжиглэх зэргээр бүтээл маань хиймэл болчих гээд байдаг талтай. Ийм ч учраас аливаа нөхцөл байдлыг үл анзаарсан мөчид зураг авахыг хичээдэг. Мэдээж зарим нөхцөлд тухайн нэг агшныг урсан өнгөрч байгаа цаг хугацаа дундаас нь барьж авч үлдэхийг зорино. Үүнээс гадна нэг хүүхдийн зургийг авлаа гэж бодоход түүний сургуульдаа явах зам, найз нөхөд, хичээлдээ сууж байгаа гэх зэргээр фото сурвалжилга маягаар авсан зургууд бий. Магад зураг бүтээх үйл явц өрнөж буй гэх юм уу даа. Гэхдээ олон нийт яг бодит, баримтат гэрэл зургийг хангалттай үнэлдэггүй юм шиг санагддаг. Харин миний хувьд жинхэнэ гэрэл зурагт ямар ч хуурмаг зүйл, студийн орчин бүтээж зураг авдаг шиг хиймэл юмс байх ёсгүй гэж боддог. Тиймдээ “Гамма” агентлагийнхан студийн зурагчид шиг зохиож бус эрж, хайж зураг авдаг.

“Гамма” агентлагт орсноос хойш гэрэл зургийн тухай ойлголт болон авсан зургууд маань маш их өөрчлөгдсөн. Хувь хүнийхээ үүднээс ч өсөж, дэвжсэн. Гэхдээ гэрэл зурагт ойртож, түүний дотогш гүн гүнзгий орж танин мэдэхийн тулд нэлээд цаг хугацаа шаардагдах болов уу.
Гамма гучин жилийн түүхэндээ хэн нэгнийг гүтгэсэн, харлуулсан зураг авч байгаагүй
“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат
Би хоёрдугаар курст байхдаа зун нь цэргийн албанд явсан юм. Нэг удаа сонингийн арын нүүрээс Кэвин Картерын “Судан дахь өлсгөлөн” хэмээх алдартай зургийг олж харсан. Өлсөж зовсон жаахан охин хүчээ шавхан мөлхөж, цаана нь тас шувуу суучихсан алдартай зураг байдаг даа. Тэгээд халагдаж очсоныхоо дараа мэдээж сургуулиа төгсөнө, дараа нь гэрэл зургийн чиглэлээр л явъя гэж шийдсэн. Ер нь хэвлэл мэдээллийн зургууд ч их гоё санагддаг байсан. Цаанаасаа л нэг тийм гэрэл зураг авах, энэ чиглэлээр явбал зүгээр юм шиг зөн төрөөд байсан ч юм уу даа. Би ковид цар тахлын үеэр гадуур явж зураг авдаг байсан. Хот бараг хүнгүй шахам эзгүйрчихсэн үе. Түүнд нь татагддаг байсан ч байж мэднэ. Тэгээд 2022 оны сүүлээр нүүрснийн хулгайн хэрэг гэх хэдэн их наядын томоохон дуулиан дэгдсэн шүү дээ. дээ. Жагсаал, цуглаан ч болсон. Нэг өглөө зураг авах гээд талбай дээр очсон чинь яг Чингисийн хөшөөний наана дах дэгтийтэй залуу туг барьчихсан зогсож байна. Цаадах нь гэрэл сүүдэр нь их гоё. Нарны туяа туг барьсан залуу дээр тусаж, Чингис хааны хөшөө сүүдэрт умбасан байлаа. Шугамдаад хуваачихсан мэт л харагдсан. Яг зураг авъя гэхээр цаана нь байх төрийн тусгай хамгаалагч буланд орчихоод болдоггүй. Тэгээд нэлээд олон ч кадр авсан. Мөн хүлээж байгаад мөнөөх хамгаалагч зургийн яг голд орж ирүүт эл зургийг буулгасан юм. Би тус зургийг авчихаад “нэлээд гайгүй зураг дарчихлаа даа” гэж бодсон. Ер нь ч тэгээд хүнд өөрт мэдрэгддэг юм шиг билээ. Энэ зураг маань “Гамма” агентлагийн гэрэл зурагчдын хараанд өртсөн. Анх эл газартай холбогдох болсон учир ийм.

Мэдээж би хэвлэл мэдээлэлд үргэлжлүүлэн ажиллаж болох байсан ч нэг л тулчихаад байх шиг мэдрэмж төрсөн. Өөр шинэ зүйл хийх, илүү үнэ цэнтэй бүтээл туурвих тэмүүлэлтэй байсан. “Гамма” агентлагийн хувьд залуу гэрэл зурагчдыг их дэмждэг. Гэрэл зургийнх нь хөгжлийн талаас үнэ цэнтэй олон зүйлийг тухайн зурагчинд бүтээж өгдөг. Сонголтыг нь хүндэтгэж, чанартай сайн бүтээл хийх тал руу чиглүүлдэг. Хамгийн гол нь “Гамма” гучин жилийн хугацаанд хэн нэгнийг гүтгэсэн, харлуулсан зураг авч байгаагүй. Байгаа юмсыг байгаа чигээр нь л дуранд буулгасан. Энэ нь ч манай агентлагт эхнээсээ бат суусан ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах зарчим. Үүгээрээ л “Гамма” агентлаг ялгардаг.
Үнэнийг үүрэх эр зориг
Хүн бүр өөр өөрсдийн замаар аж төрөхүйг туулна. Зовлонгоо бүтээнэ, жаргалаа ч цогцлооно. Иргэн бүрийн туулсан амьдралын зам улс орны түүхийг бүтээдэг. Тэдний туулсан амьдрал бидний нийгмийн үүх түүхийн салшгүй хэсэг. Тэгвэл тус агентлагийн гучин жилийнхээ ойд зориулан эмхэтгэсэн “Гамма 30” гэрэл зургийн номоос бид үүнийг харж болж.
Хүн гэгч үнэнтэй цэгц шулуун нүүр тулахаас эмээдэг. Хэт хийсгэлэн төсөөлөл нь бодит байдлаас зугтахад хүргэдэг. Үнэнийг үүрэх эр зориг нийтэд үгүй. Харин “Гамма”-гийн гэрэл зурагчдад тийм чанар бий. Тэдний гучин жилийн түүх бол туйлын бодит үнэний түүх.