
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 150 сая төгрөгөөр баавгай барих тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарласан ч өнөө хэр буугаа ч авч амжаагүй байгаа нь шүүмжлэл дагуулаад буй.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос энэ талаар тодруулахад "Тендерийн хууль юмаа эргэж харахгүй бол одоо болтол унтуулгын буу авч нийлүүлж чадаагүй байна. Мэргэжлийн байгууллагуудаас авсан саналыг үндэслэн 10 гаруй дагалдах хэрэгслээс бүрдсэн үнэ. Энэ сарын 16-нд гэрээ нь хийгдэнэ.
Баавгай дахиж хүний аминд хүрэхгүй гэх баталгаа байхгүй. Орон нутагт хүн бүл цөөтэй малчид айдастай байна. Аль болохоор өөрсдийнхөө хэмжээнд амь нас, эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар орон нутгуудад онцгой байдал, цагдаагийн байгууллага хүн хүч нэмэгдүүлэн Байгаль орчны газар, мэргэжлийн анчидтай хамтран дуудлагаар ажиллаж байна.Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор биензин шатахуун дээр асуудал үүсэж байгаа.
Хөвчийн амьтныг уулнаас олон арваараа бууж ирнэ гэдгийг өнөөдрийг хүртэл хэн ч төсөөлөөгүй. Анх баавгай үзэгдэн бид сэрэмжлүүлж байхад Засгийн газрын хурал дээр хүртэл шоолуулж байсан. Сүүлдээ тоглоом биш аюулгүй байдлын асуудал хөндөгдөж эхэлсэн.
Баавгайн халдлагаар амь насаа алдаж, гэмтсэн хүмүүст нөхөн төлбөр олгох талаар өнгөрсөн долоо хоногт УОК дээр яригдсан ч гамшгийн хэмжээний асуудал биш гэж үзсэн. Харин БЗД-ийн тамгын газраас орон байрыг нь сэргээхэд зориулж мөнгө гаргаж өгөхөөр болсон" гэв.