
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.