
Хүн амьдралынхаа туршид дунджаар 80000-90000 цагийг ажиллаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. “сэрүүн цаг”- аар тооцвол хүмүүс нэг өдрийнхөө 40 орчим хувийг ажилд зарцуулдаг аж.
Гэтэл бид амьдралынхаа 4-ний 1-ийг өнгөрүүлдэг ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөлийнхөө физик, хими, биологи, сэтгэлзүй, физиологи, эргономикийн гэхчлэн сөрөг зүйлсээ болж өвчлөх тохиолдол гардаг. Мэргэжлээс шалтгаалсан гэгдэх эдгээр өвчин үнэндээ хэлж ирдэг. Гэхдээ мэргэжлээс шалтгаалсан гэгддэг эдгээр өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлж болдог.
2022 оны жилийн эцсийн байдлаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн тоо 103.2 мянга байгаа нь манай улсын нийт хүн амын 3.1 хувьтай тэнцэж байв. Харин 2025 оны эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 2024 оны дүнгээс 52-оор нэмэгдэж, нийт 2046 болжээ.
Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд үйлдвэрийн осол, хурц хордлогын 217 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114-өөр нэмэгдсэн үзүүлэлт болсноор сүүлийн 6 жилийн хамгийн өндөр дүнд хүрэв. Жилээс жилд нэмэгдэж буй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого буурах бус эсрэгээрээ нэмэгдэж буй нь манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд онцгой анхаарах шаардлагатайг илэрхийлж байна. Учир нь үйлдвэрлэлийн осол, хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэдэг нь ажлын байрны тоосжилт, дуу чимээ, доргион, цацраг туяа, химийн бодис, халуун хүйтэн орчин, хүнд болон давтамжит хөдөлгөөн, буруу байрлал зэрэг хүчин зүйлд удаан хугацаанд өртсний улмаас үүсдэг архаг өвчлөл юм. Товчхондоо 6-8 жилийн хугацаанд хуримтлагдсан нөлөөллийн сөрөг үр дагавар юм. Урт хугацаанд дээр дурдсан элдэв сөрөг нөлөөлөлд өртсөнөөр биеийн нөхөн сэргэх чадвар буурч, хуримтлагдсан нөлөөлөл өвчин болон илэрч, цөөн боловч харамсалтай тохиолдолд эргэшгүй өөрчлөлтөд орох нь ч бий.
Манай улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчнийг амьсгалын замын эмгэг, хордлого, арьс харшлын өвчин, нүдний өвчин, мэдрэлийн өвчнүүд, чих, хамар, хоолойн өвчин, туяаны өвчин, мэс заслын өвчин, мэргэжлээс шалтгаалсан хавдар гэсэн 9 бүлэг болгон хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэн, бидний нэрлэж заншсанаар групп тогтоодог. Төрийн өмчит, эсвэл хууль дүрмээ ягштал сахин биелүүлдэг компанийн ажиллагсдын хувьд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс шалтгаалсан групп буюу тэтгэмжийн хувь хэмжээ тогтоолгоход хялбар, ном журмаараа явагддаг. Харин жижиг уурхайн ажилтнуудын хувьд гар дээрээ авах цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэх, НДШ төлөх дүнгээ бууруулах 2 талын ашиг сонирхлоос үүдэн мэргэжлээс шалтгаалсан өвчний хувь хэмжээ тогтоолгоход будилаан үүсэх нь элбэг гэнэ. Тэтгэмжийн хувь хэмжээг НДШ-ийн лавлагаагаар хувьчлан тогтоодог нь “хоёр данс”-ны тооцоо энд хэрэг тарьж хувь хэмжээ багасаж орсноор ажилтан, компани төдийгүй мэргэжлийн байгууллагуудын дунд маргаан үүсдэг байна. Тиймээс ч ажилтан ажиллагсад эрүүл мэнд, нийгэм эрхзүйн хамгаалал авахын тулд шударга татвар төлөгч байх шаардлагыг биелүүлэх нь хөндөх ёстой чухал асуудлын нэг болж байна.
Уул уурхай, олборлолт болон барилга, дулааны станцын ажилтнууд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх хувиараа тэргүүлдэг байна. Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун, газрын дор гэсэн 4 нөхцөлд урт хугацаагаар, тасралтгүй ажилласан ажилчид эрүүл мэндийн өөрчлөлт буюу МШӨ-нөөр голчлон өвчилдөг аж.
Уул уурхайгаа түшсэн эдийн засагтай манай улсын онцлог мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол дээр ч сүүдрээ тусгажээ. Тодруулбал, манай улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих эмгэг хамгийн өндөр буюу 52.2 хувийг эзэлж байна. Уушги тоосжих, мэдрэл, мэс заслын өвчнүүд нь мэргэжлээс шалтгаалсан өвчний зонхилох шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр өвчин нь нийт мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын 85.1 хувийг эзэлжээ. Ийм иргэдийн 73.8 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байна.

Монгол Улсад 2000-2024 оны хооронд шинээр бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг хүйсээр нь ангилбал, 2000 онд шинээр бүртгэгдсэн 65.6 хувь нь эрэгтэйчүүд байсан бол 2024 онд энэ тоо 96.5 хувьд хүрч өсжээ. Эрэгтэйчүүдийн өндөр эрсдэлтэй байгаа шалтгаан ажлын орчинтой холбоотой. Эрэгтэйчүүдийн хувьд уул уурхай, геологийн салбар хамгийн өндөр эрсдэлтэй гарч буйг ч дурдахгүй өнгөрөх аргагүй.
2000-2009 онд уул уурхайн салбарт бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр оношлогдсон эрэгтэйчүүдийн тохиолдол нийт эрэгтэйчүүдийн 61.8 хувийг эзэлж байсан бол сүүлийн 5 жилд 263 тохиолдол бүртгэгдсэнээр нийт эрэгтэйчүүдийн 86 хувийг бүрдүүлсэн байна. Уул уурхайн салбарт ажиллагсад өдөр тутмын ажлынхаа явцад доргилт, тоосжилт, дуу чимээ, химийн бодистой орчинд ажилладгаас энэ нь урт хугацааны туршид хуримтлагдсаар архагших үндэс болдог. Харамсалтай нь энэ тоо, нэн ялангуяа эрчүүдэд өндөр хувьтай гарсан нь энгийн нэг статистик бус эрүүл мэндээрээ хохирч үлдэх эрчүүдийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийг ч мөн бууруулж буйг анхааралгүй орхиж болохгүй өнцөг болж байна.