
Зураач, судлаач М.Батзоригийн гурав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн “Гарц орц” нэртэйгээр энэ сарын 4 -өөс "Бий контемпорари арт галерей"-д гарна.
Тус үзэсгэлэнд зураач М.Батзоригийн сүүл үед хийсэн 60 орчим бүтээл дэлгэгдэнэ. Гэрэл зураг, хэвлэл, тосон болон акрил, зураасан зураг, коллажын техник ашигласан холимог медиа бүтээлүүд нь зураачийн өөрийнх нь дурсамж, өнөөгийн нийгмээсээ мэдэрч буй өвөрмөц мэдрэмжүүдийг өөрийнхөө визуаль хэлтэй сүлсэн сюрреалист өнгө аястай.
Мөн уг үзэсгэлэнгийн үеэр М.Батзоригийн гурав дахь ном болох “Монголын дүрслэх урлагийн модерн, контемпорари хандлага” хэмээх орчин үеийн монголын дүрслэх урлагийн товч түүхийн номын нээлт болох юм. Тус номд 1968 – 2020 он хүртэлх цаг хугацаанд шинэ арга, барил нэвтрүүлсэн хэмээн үзэж болох 27 бүтээлч, гурван уран бүтээлийн нийгэмлэгийг сонгон авч тэдний цаг үедээ бий болгосон өвөрмөц, бүтээлч барил, гадаад хийгээд дотоод нөлөөллийг тодруулах замаар Монголын дүрслэх урлагийн сэтгэлгээ орчин үежсэн явцыг тодруулахыг зорьжээ.