
XIX зууны төгсгөлд Европын утга зохиолд романтизмын уур амьсгалыг шингээж, гоо зүйн онол болон уран зохиолын тэнцвэрийг эрхэмлэсэн суутны нэг Оскар Уайлд энэ өдөр төржээ.
***
Ирландын уран зохиолын бэлгэ тэмдэг болсон эл бичгийн хүн хүүрнэл дэх символист оюун санааны эцэг хэмээгддэг. Түүний үлгэр, тууж, өгүүллэгүүд гаднаа жирийн, хүүхдэд зориулсан мэт боловч дотроо гүн ухааны шинжтэй, нийгэм болоод ёс суртахууны асуудлыг хүний оршихуйн мөн чанартай холбон үзүүлдэг. “Дориан Грейн хөрөг”, “Залуу хаан”, “Аминчхан аварга биетэн”, “Загасчин ба түүний сэтгэл” зэрэг зохиолууд нь зохиолчийн гоо зүйн философи, Христийн шашны бэлгэдэл, мөн хүний дотоод зөрчил, хайр энэрлийн үнэ цэнийг бахдан дуулсан бүтээлүүд билээ. Уран зохиол бодит амьдралыг дуурайдаггүй, харин амьдрал бол урлагийн загвар төдийхөн гэх санааг тунхагласан тэрээр “Би өөрийнхөө эрин үеийн урлаг соёлын сүлд нь явлаа. Би үүнийг туйлын эрт, орь залуудаа ойлгосон агаад дараа нь эрин үедээ ойлгуулахыг зорьсон юм” хэмээн омог бардам бичиж байв. Тэрээр энэ л итгэл үнэмшлээрээ тухайн эрин үеийнхээ гоо зүйн сэтгэлгээг бүхэлд нь өөрчилсөн.
Түүний үзлээр урлагийг үнэн худал, ашиг тус, ёс суртахууны хэмжүүрээр бус зөвхөн гоо сайхны хуулиар үнэлэх учиртай. Амьдрал бол хүний нүдэнд харагдах түр зуурын үзэгдэл атал урлаг л мөнхийн дүр төрхийг бүтээдэг гэж үздэг байв. Иймээс Уайлдын бүтээлүүдэд бодит байдал үргэлж хийсвэр дүрслэлийн орон зайг бүтээж, харин үлгэр, мөрөөдөл, төсөөлөл нь бодитоос ч илүү үнэмшилтэй оршин тогтнохуй болдог. Урлагийг амьдралын тусгал бус, амьдралын урьдчилан бүтээсэн хувь тавилан гэж үзсэн нь модерн гоо зүйн хамгийн зоримог илэрхийллүүдийн нэг байлаа. Тиймээс Оскар Уайлдыг унших бүрд номын хуудас руу бус бодит ертөнцөөс илүү үнэмшилтэй өөр нэгэн ертөнц рүү алхаж ордог.
Түүний үлгэрүүдийг хүүхдэд зориулсан сургамжит өгүүллэг хэмээн ойлгох нь уран бүтээлийн мөн чанарыг дутуу харсан хэрэг болно. Үлгэрийн бүтэц, хэл, сэтгэлгээгээр туурвисан өгүүллэгүүд нь утгын хувьд энэрэнгүй үзэл, хүсэл тачаал, ёс суртахууны эргэлзээг нэгэн зэрэг агуулдаг олон давхаргат хүүрнэл юм. Иймээс “Аз жаргалтай ханхүү”, “Үнэнч анд”, “Гургалдай ба сарнай”, “Аминчхан үлэмж биет”, “Кентервилийн хий үзэгдэл” зэрэг тууж, өгүүллэгүүдийг зөвхөн үлгэрийн төрөлд бус бэлгэдэлт хүүрнэл, гүн ухааны зүйрлэл, гоо сайхны эсээ завсрын шинжтэй туурвилуудын эгнээнд авч үзэх үндэслэл бий. Эдгээр зохиолд сайн, муугийн тэмцэл ил тод өрнөдөггүй, харин гоо сайхны үнэ цэн болон хүний дотоод ёс суртахуун хоорондоо үл үзэгдэх сэжмээр харгалдаж байдаг. Мөнхүү гоо сайхны үзэл, урлагийн чиг хандлагаас гадна дийлэнх бүтээлд нь илэрдэг хүнлэг үзлийн талаарх баримтлалыг орхигдуулж болохгүй. Тиймээс уншигчид үйл явдлаас гадна дүрүүдийн хийж буй сонголт, түүний орчин, орон зайд өөрийн мөн чанарыг эргэцүүлнэ. Үүгээ Уайлдын үлгэрүүд XIX зууны реалист хүүрнэлээс эрс ялгарч, модерн сэтгэлгээний үндсийг хөрслүүлжээ.
***
“Аз жаргалтай ханхүү” агүүллэгийн хүрэл хөшөө, хараацай хоёр энэрэл ба шударга зан чанар, гоо сайхны биежсэн дүрүүд байдаг. Ханхүү амьд ахуйдаа ордны өндөр хананаас хорвоог таньж чадаагүй атлаа хөшөө болсон хойно хүний зовлонг анх удаа бүхэлд нь хардаг нь Уайлдын хамгийн том парадоксын нэг билээ. Хүмүүнлэг үзэл гүн бат шингэсэн уг өгүүллэг Уайльдын анхны хүүрнэл зохиолын нэг агаад туйлын алдартай. Тус хүүрнэлийн үнэт чанар хүн бүр амин хувиа хичээж, довоо борлуулахаас илүүтэй нийтийн сайн сайхан тэмүүлэх үзэл санаа юм. Уг хандлага цаашдын бүтээлүүдэд нь ажиглагддаг.
Харин “Үнэнч анд”, “Аминчхан үлэмж биет” өгүүллэгүүдээс Оскар Уайлдын ёс суртахууны тухай ойлголт нэвт ханхална. Тэрээр сургаалийг номлол төдийхнөөр бус уран зохиолд байх ёстой шинжээр нь, сайн санаатны дүр эсгэх нь жинхэнэ нинжин сэтгэлээс хэд дахин аюултай болохыг тус өгүүллэгүүдийн өгүүлэмжээр илэрхийлдэг. Хүнлэг чанар, үнэнч анд нөхөр гэдэг бусдад зориулагдсан магтаал бус болохыг бид тээрэмчний дүрээр таньдаг шүү дээ. Үүнээс гадна “Аминчхан аварга” биетэн өгүүллэг тун онцгой. Үлгэрийн шинжтэй уг өгүүллэг гүн ухааны гурван давхаргын талаар өгүүлдэг. Нэгдүгээрт нийгмийн философи буюу аварга биетэн цэцэрлэгээсээ хүүхдүүдийг хөөж явуулснаар өөрийгөө тусгаарлах, хувиа хичээсэн дүрийг илтгэнэ. Гэвч түүний орон зай хийгээд цэцэрлэгт цаг хугацаа зогсож хавар ирэхээ больдог. Орчин үед дэлхий нийтээр залуус нийгмээс тусгаарлагдаж, өөрийнхөөрөө амьдрах нэрийн дор ганцаардлыг эрхэмлэх болсон энэ цаг үед түүний хор хөнөөлийн талаар учирласан уг өгүүллэг өдгөө ч үнэ цэнтэй. Харин аварга биетний үздэг нэгэн онцгой бяцхан жаалын дүрээр Христ дахин төрж байгааг бэлгэджээ. Тэр цэцэрлэгт гарч ирэх мөчөөс хавар эргэн ирдэг. Эцэст нь аварга биетнийг диваажингийн замаар хөтөлдөг шүү дээ. Тэгэхээр тус цэцэрлэг бол бидний дотоод ертөнц хийгээд хайр энэрэлгүй хүн өөрийгөө сүйтгэж, хүйтэн жавар тачигнасан, үргэлж мөнхийн өвлийг бүтээдэг болохыг харуулж байна. Харин хайрыг хүлээн зөвшөөрснөөр яг л улирлын түрүүнд сайн сайхныг дэлгэрүүлдэг хавар цаг шиг хүн өөрийгөө нээдэг гэдгийг сануулна.
Цаашилбал, “Гургалдай ба сарнай” өгүүллэг хайр дурлалын үлгэр гэхээс илүү гоо сайхны үнэ цэн, урлагийн төлөөх золиосын шинжтэй бэлгэдэлтэлт хүүрнэл. Гургалдай шувуу хайр бол зөвхөн мэдрэмж бус өөрийгөө бүрэн зориулж байж бүтдэг үнэ цэн гэдэгт итгэдэг бол түүний төлөө цусаараа ургуулсан улаан сарнай бодит ертөнцөд ердөө нэгэн хэрэглэгдэхүүн л байдаг. Эндээс Уайлд урлагийг бүтээх агшин ба түүнийг хэрэглэгч хоёрын хоорондох эмгэнэлт зөрчлийг гаргажээ. Гоо сайхныг бүтээгч үргэлж өөрийн амьдралаар төлөөс төлдөг атал түүнийг хүртэгчид үнэ цэнийг нь ойлгохгүй өнгөрөх нь түүхийн байнгын давталт болохы ийнхүү бэлгэдсэн.
***
-660x0.png)
“Кэнтервиллийн хий үзэгдэл” туужийг анх уншихад зугаатай сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч дотоод бүтцийг нь нарийн задлаад үзвэл Уайлдын туйлын нарийн зохион байгуулалттай гүн ухааны хүүрнэлүүдийн нэг болох нь мэдрэгддэг. Английн эртний язгууртны соёл болон Америкийн прагматик сэтгэлгээг эсрэгцүүлэн тавихдаа тэрээр аль нэгийг нь илт давуу болгосонгүй, харин хоёуланг нь егөөдлийн гэрэлд зэрэгцүүлэн зуржээ. Хий үзэгдэл хүртэл айлгах чадвараа алдаж, амьд хүмүүс үхлээс ч үл эмээх болсон нь цаг үеийн үнэт зүйлс хэрхэн өөрчлөгдсөнийг илэрхийлэх уран сайхны шийдэл мөн. Гэвч зохиолын төгсгөлд егөөдөл аажмаар энэрэл болон хувирч, хий үзэгдлийг шашны сургааль бус бяцхан охин ууч, нинжин сэтгэл авардаг. Мэдээж Уайлдын дийлэнх бүтээлд илэрдэг нийтлэх шинж л дээ.
Харин “Загасчин ба түүний Сэтгэл” туужид Уайлд мөн л үлгэрийн загварчлалыг ашигласан ч хүний амьдралын туйлын ээдрээтэй асуултуудыг дэвшүүлдэг. Христийн шашны сургаалд сэтгэл хүнийг авралд хүргэх нь ариун мөн чанар хэмээн номлодог бол Уайлдын бүтээлд эсрэгээрээ дүрслэгдэх агаад Сэтгэл нь эзнээсээ салан бие даасан хүсэл, шуналын амьд биет болж хувирдаг. Эл тууж хожим үеийн зохиолчид болоод түүн дотроо модернистуудад хүчтэй нөлөө үзүүлжээ. Зохиол нэг талаар 1001 шөнийн үлгэрийн хэв маягийг сануулах боловч чөлөөт илэрхийлэл, сэтгэлгээний онцгой чанар, өгүүлэмж нь дахин давтагдашгүй. Уайлдын далд бэлгэдэл бүхий тус туужид нэгэн засагчин лусын гүнжид дурласнаар түүний төлөө өөрийн Сэтгэлээс татгалзах гэж оролдовч Сэтгэл нь түүнээс салж бие амьдралыг эхлүүлж байгаа талаар өгүүлнэ. Мэдээж хүний сэтгэл өөрөөс нь салж яваад туулсан, үзсэн бүхнээ буцаагаад өөрт нь хүүрнэнэ гэхээр тун онцгой, Гоголийн алдарт “Хамар” туужийг санагдуулах нь гарцаагүй.
Сэтгэл эзнээсээ салсны дараах хүүрнэл туужийн хамгийн өвөрмөц өгүүлэмжтэй. Жил бүр эргэн ирэхдээ тэр алс холын хотууд, үл таних хаант улсууд, үнэт чулуугаар бүрхэгдсэн орд харш, боолын зах, шидтэнүүдийн нутаг, эртний сүмүүдээр хэрэн аялсан тухайгаа өгүүлдэг. Эдгээр газрын дүрслэл нь бодит газарзүйн зураглал гэхээсээ илүү хүний хүсэл мөрөөдлийн газрын зураг шиг бүтээгдсэн байдаг. Нэгэн газар оронд хүмүүс маргад эрдэнийг бурхан шиг тахин шүтэж байхад, өөр нэг хотод зөвхөн алтаар амьсгалдаг хааны тухай гарна. Бас нэгэн нутагт үхлийг ялсан мэргэдийн талаар ярьж, хаа нэгтээ мөнхийн залуу насыг худалддаг худалдаачидтай учирна. Энэ бүх аялал эцэстээ ертөнцийн явдлын талаар бус хүний шунал, эрх мэдэл, гоо сайхны тухай төгсөшгүй хүслийг зурагласан дотоод орон зайг илэрхийлнэ.
Түүний эл хүүрнэл бичлэгийн талаас заримдаа Аргентины суут зохиолч Хорхе Луис Борхесийн богино өгүүллэгүүдийг санагдуулдаг. Борхесийн "Эль Алеф", "Үл мэдэгдэх амьтан", "Үхэшгүй хүмүүс", "Зохиомол цадигс" зэрэг бүтээлүүдэд газар орныг бодит байдлаар бус оюун санааны бэлгэдэлт орон зай болгон бүтээдэг. Уайлдын зохиолдоо бүтээсэн Сэтгэл ч мөн адил хаан ч хүрч очих боломжтой, газрын зурагт байдаггүй орноор тэнүүчилнэ. Заримдаа Кальвиногийн “Үл үзэгдэх хотууд” бэсрэг романтай төстэй. Ингээд бодохоор Уайлдын уран зохиолд үзүүлсэн нөлөө цаглашгүй.
Сэтгэл нь хүүрнэж буй газар бүхэнд үнэт чулуу, торго дурдан, алт мөнгө, анхилуун үнэр, хаадын сүр хүч тасралтгүй давтагддаг нь санамсаргүй хэрэг биш. Оскар Уайлдын эстетик үзлээр гоо сайхан өөрөө ёс суртахууны хэмжүүрээс ангид орших боломжтой байлаа. Харин туужийн дотор тэрхүү гоо сайхан хүсэл шуналтай нэгдэх үедээ хүнийг аврах бус улам хоосруулж байгааг харуулдаг. Өөрөөр хэлбэл, Сэтгэл ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй зүйлсийг үзээд ч хайрлаж сураагүй учраас зөвхөн өмчлөхийг хүсдэг. Харин загасчин юу ч үзээгүй атлаа хайрлах чадвараа алдаагүй хэвээр үлдэнэ.
***

Харин “Дориан Грейн хөрөг” романы талаар олон ч судлаачид өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан нь бий. Тус бүтээлийг зохиолчын гоо зүйн үзлийн хамгийн цогц туршил бөгөөд урлагийн бие даасан оршихуйн тухай онолыг хүүрнэлийн бүтцэд шингээсэн сонгодог жишээ гэж тодорхойлдог. Тиймдээ ч романы оршилд буй санаануудыг дан гагц зохиолчийн үзэл санааны тунхаг бус бүтээлийг унших онолын түлхүүр гэж ойлгох нь зүйтэй биз. “Ёс суртахуунтай ном, ёс суртахуунгүй ном гэж байдаггүй" гэх санаа нь урлагийг ёс зүйн хэмжүүрээс тусгаарлан авч үзэх эстетицизмын үндсэн зарчим болдог. Эстетицизм нь “Урлаг бол өөрөө өөрийнхөө төлөө оршино. Урлаг заавал ёс суртахуун, улс төр, ашиг тусыг дагах албагүй, хамгийн чухал нь гоо сайхан байх ёстой” гэж үздэг уран сайхны болон философийн ойлголт юм. Иймээс Дорианы ёс суртахууны доройтол нь Уайлдынхаар буруутгалд өртөх үйл бус харин гоо сайхны туйлширсан шүтлэг нь хүний оршихуйг хэрхэн сүйрүүлж болохыг харуулсан туршилтын аястай байдаг.
Романы туурвилзүйн бүтцийг ажиглавал дүрүүд нь уламжлалт зан чанартай хүмүүсээс илүү тодорхой үзэл санааны бэлгэдэл мэтээр дүрслэгджээ. Бэзил Холуорд урлагийг үнэнтэй холбох үзлийг, Лорд Хенри гоо сайхныг таашаалтай холбох гедонист философийг, харин Дориан Грэй энэ хоёрын зөрчлийг өөрийн биеэр туулна. Уг гурвалсан бүтэц нь романы сэтгэлзүйн хурцадмал байдлыг биш үзэл санааны диалектик хөдөлгөөнийг бий болгодог. Хөрөг зураг өөрөө дүрийн хоёр дахь биет оршихуй болон хөгжиж, хүүрнэлийн идэвхтэй субъектын хэмжээнд хүрдэг нь модерн романд урьд өмнө төдийлөн хэрэглэгдээгүй шинэлэг шийдэл байлаа. Тиймээс “Дориан Грэйн хөрөг”-ийг уран зураг, философи, хүүрнэл гурвын зааг дээр орших олон талт текст гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөнхүү романы хамгийн том гоо зүйн нээлт нь хүний нүүр царайндаа биш, харин түүний дотоод дахь цаг хугацааг дүрсэлсэн явдал. Дорианы бие хөгширдөггүй атлаа хөрөг нь нүгэл, айдас, хүсэл шунал, гэмшлийн бүх ул мөрийг өөр дээрээ хуримтлуулсаар байдаг нь цаг хугацааг биологийн талаас нь бус ёс суртахууны хэмжээс болгож хувиргасныг бид хардаг. Ийнхүү хөрөг нь дүрийн сэтгэлзүйн архив, далд ухамсрын материаллаг биелэл болон хувирч, романы утга зүйн төвийг эзэлдэг. Эцэст нь Дориан хөргөө устгах агшинд үнэндээ урлагийг бус өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг үгүй хийж байгаа л хэрэг.
Уайлдын нутаг нэгтэн, яруу найрагч Уильям Батлер Йейтс түүнийг “Өөрийн амьдралыг хүртэл урлагийн бүтээл болгож чадсан хүн” хэмээн дурссан байдаг. Харин латин хэлтний уран зохиолын суутан Борхес “Гоо сайхныг гүн ухааны хэлээр бус уран зохиолын хэлээр сэтгэж чадсан ховор жишээ бол Уайлдын бүтээлүүд” гэжээ.
Грекийн их сэтгэгч Платон урлагийг бодит үнэний хуулбарын хуулбар хэмээн үл ойшоож байсан бол Оскар Уайлд энэ үзлийг бүхэлд нь эргүүлсэн. Түүний хувьд бодит амьдрал өөрөө эмх замбараагүй, санамсаргүй, хэлбэргүй байдаг учраас гоо сайхныг бүтээх чадваргүй. Харин урлаг л амьдралын задгай урсгалд хэлбэр, дэг журам, мөнхийн утга учрыг олгодог аж. Тиймээс "Амьдрал урлагийн дуураймал" гэх санааг зөвхөн ёгтлол төдийхөн бус гоо зүйн бүхэл бүтэн онолын үндэс болгосон юм. Байгалийн өнгө хүртэл зураачдын бүтээлээр дамжин хүний нүдэнд илүүтэй танигдаж, хайр дурлал ч яруу найрагчдын хэлээр дамжин утга учиртай болдог гэх үзэл санаа хуурмаг зүйл биш байв. Уг ойлголтоос шалтгаалан түүний бүтээлүүдэд бодит хүмүүсээс илүү үлгэрийн ханхүү, ярьдаг шувуу, зүрх сэтгэлтэй, амьтай хөрөг зураг, биеэсээ салсан “Сэтгэл” хүртэл үнэмшилтэй, бодит дүрүүд болж хувирсан юм. Учир нь Уайлдын ертөнцөд үнэн гэдэг баримт биш, гоо сайхны төгс хэлбэр билээ. Тэдгээрээс үүдсэн яруу найраг, жүжгийн зохиол, хүүрнэлүүдийн алийг нь ч бид оюунт хүний ухамсраар түм буман шинжээр нь тодорхойллоо нэгдсэн дүгнэлт, ойлголтод хүрч чадахгүй болов уу. Тэр өөрөө ийм л суу заль, мөнх амьдрах тавилантай бүтээлүүдийн эцэг юм.