
23 дахь удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургаадугаар сарын 11-нд нээлтээ хийнэ. АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдах ДАШТ-д анх удаа 48 баг оролцох юм. Харин энэ удаа Монгол Улсаас гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллахаар болжээ. Өмнө нь манай сэтгүүлчдээс “Таван цагариг” сонины сурвалжлагч Ц.Энхтүвшин анх удаа ДАШТ-д ажиллаж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаа гэрэл зурагчин Ч.Ганбатад ФИФА-гаас сурвалжлах эрхийн мандатыг олгосон байна. Түүний хувьд өмнөх хоёр ДАШТ-д гэрэл зурагчнаар ажиллах хүсэлтээ өгсөн ч татгалзсан хариу авч байсан бол энэ удаа дэлхийн гэрэл зурагчдын эгнээнд багтаж чаджээ.
МУСГЗ Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдаас анхлан дэлхийн шагналтан болсон юм. Тэрээр хамгийн анх 2009 онд Зүүн Азийн наадамд ажилласнаас хойш өвөл, зуны олимп, Азийн наадам, жүдо бөхийн ДАШТ гээд дэлхийн нэр хүндтэй 30 гаруй тэмцээнд гэрэл зурагчнаар ажиллажээ. Хамгийн сүүлд 2026 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа аралд болсон Азийн элсний наадмыг сурвалжилсан бол энэ сард түүнд хөлбөмбөгийн ДАШТ-д ажиллах эрхийг өгчээ.
