
Иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул хуулийн дагуу хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэх ёстой. Үүний дагуу өнөөдрийн чуулганы эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг холбогдох Байнгын хороод буюу Эдийн засаг, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Энэ бол чухал асуудал. Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх өргөдлийг 100 мянган иргэн дэмжсэн байна. Энэ бол 100 мянган хүний дуу хоолой, хүсэл, хүлээлт. Үүнийг ард түмний төлөөлөл болсон УИХ хуулийн дагуу хэлэлцэж хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийг одоогийн болон ирээдүйнд иргэддээ тэгш хүртээх зарчмыг маш тодорхой заасан байдаг. Байгалийн баялгийн эзэн нь ард түмэн юм бол өгөөжийн эзэн нь ч ард түмэн байх ёстой. Гэхдээ байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх вэ гэдэгт сэтгэлийн хөөрлөөр биш нарийн тооцоо, судалгаатай хандах ёстой" гэв.