
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд "ДИЛАВ ХУТАГТ БА ОУЕН ЛАТТИМОР: Тив дамнасан өв“ үзэсгэлэн маргааш нээгдэнэ.
Дилав хутагт Б.Жамсранжав, Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил хөдөлмөрт холбогдох өв нь Монгол Улс болон АНУ-ын харилцаанд оруулсан хувь нэмрийг олон нийтэд таниулах сурталчлах зорилготой юм.
Тус үзэсгэлэнд Завхан аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Дилав хутагт Б.Жамсранжавын эд өлөг, үзмэрүүд болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс XVIII-XX зууны эхэн үеийн шашны зарим үзмэр цуглуулга, Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй Дилав хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлүүд, ТЕГ-ын Тусгай архивын баримтууд, Оуэн Латтиморын гэр бүлд хадгалагдаж буй гэрэл зургууд, АНУ-ын Конгрессын номын сан, Харвардын их сургууль, Йелийн их сургууль, Жонс Хопкинсийн их сургууль, Пенсильванийн их сургуулийн цуглуулгаас тэдний намтар үйл хэрэгтэй холбоотой захидал, гэрэл зураг, баримт бичгийн хуулбар, доктор, М.Саруул-Эрдэнийн хувийн цуглуулгад буй хадаг, өсгөгч шил зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэж байна.
Үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 12-ны 10:00 цагт нээлтээ хийх бөгөөд 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.