
Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн 10.3, Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д зааснаар нийслэлийн үнэт цаасны дээд хэмжээг 275 тэрбум төгрөгөөр баталсан. Үүний дагуу бүх холбогдох хууль, тогтоол, тогтоомжид үндэслэн Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг нийслэл дотоод бонд гаргаж, 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр боллоо. Өнөөдөр нийслэлийн бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж, цан цохих ёслолыг зохион байгууллаа. Ийнхүү 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200 мянган ширхэг нийслэлийн бондыг олон нийтэд нээлттэй арилжиж эхэллээ.
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангаж, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно. 2028 оны I улиралд эхний блокоо хүлээж авахаар төлөвлөж буй Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, “Митайм Интернэйшнл” компанитай гэрээ байгуулсан бөгөөд нийт төсөвт өртөг 658.5 сая ам.доллар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс нийслэлийн хариуцах хөрөнгө 20 хувь буюу 131.7 сая ам.доллар байна. 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцоход энэ нь 467.4 тэрбум төгрөг болж байна. Үүнээс 2026 онд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, төслийн барилгын ажлын хугацааг 30 сараар тогтоод байна.