
1990-ээд оноос далайн мөс уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөсны зузаан тогтмол багассаар ирсэн ч Норвегийн Арктикийн Свалбард арлууд дахь цагаан баавгайнууд илүү тарган, эрүүл болсон нь судлаачдын хүлээснээс эсрэг үр дүн үзүүлжээ.
Цагаан баавгай далайн хав агнаж, өөх тос ихтэй хоолоо олдог. Тэдний өөхний нөөц нь энерги, дулаан хадгалахаас гадна эх баавгайнууд бамбаруушдаа тэжээллэг сүү өгөх боломжийг бүрдүүлдэг.
Судлаачид 1992–2019 оны хооронд Свалбардад амьдардаг нас бие гүйцсэн 770 баавгайг жинлэж, хэмжихэд тэд мэдэгдэхүйц таргалсан нь тогтоогджээ.
Тэд Свалбардын баавгайнууд сүүлийн үеийн мөсний алдагдалд дасан зохицож, цаа буга, морж зэрэг эх газрын амьтдыг илүү ихээр идэх болсон гэж үзэж байна.
Энэхүү судалгаа Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд Свалбардын уур амьсгалын өөрчлөлтийн хүчтэй нөлөөг харгалзан үзвэл үр дүн нь онцгой гайхшрал төрүүлжээ.
Судалгаа явагдсан хугацаанд дэлхийн дулаарал нэмэгдэж, тухайн бүс нутагт жилд тохиох мөсгүй өдрүүдийн тоо бараг 100-аар нэмэгдсэн бөгөөд жил бүр дунджаар дөрвөн өдрөөр өссөн гэсэн үг юм.
“Баавгай илүү тарган байх тусмаа сайн” гэдгийг Норвегийн Туйлын хүрээлэнгийн ахлах судлаач доктор Йон Аарс тайлбарлав.

Морж (далайн хавтай төстэй, соёотой, Арктикт амьдардаг далайн хөхтөн амьтан)-ийг Норвегид 1950-иад оноос эхлэн албан ёсоор хамгаалж эхэлсэн бөгөөд өмнө нь бараг устах хэмжээнд хүртэл нь агнаж байжээ. Энэ хамгаалалт нь тэдний тоо толгойг өсгөж, цагаан баавгайн хувьд өөх тос ихтэй шинэ хоолны эх үүсвэр болжээ.
Хэрэв далайн хавд амьдрах мөсний талбай багасвал тэд цөөн хэсэгт бөөгнөрч, цагаан баавгайд тэднийг бөөнд нь барихад илүү хялбар болдог гэж Аарс тайлбарлав.
Энэ нь Арктикийн махчин амьтдад богино хугацаанд эерэг мэдээ боловч удаан үргэлжлэхгүй гэж судлаачид үзэж байна.
Далайн мөс цаашид багассаар баавгай ан хийх газар руу илүү хол явах шаардлагатай болж, илүү их энерги зарцуулан, үнэт өөхний нөөцөө алдах эрсдэлтэй.
Polar Bears International байгууллагын мэдээлснээр Свалбардын цагаан баавгайнууд 1970-аад он хүртэл дэлхийд хамгийн их агнагдаж байсан бүлгүүдийн нэг байжээ.
Шинэ судалгааны үр дүн нь ан агнуурын дарамтаас тоо толгой нь сэргэж байгаа явц, мөн сүүлийн хэдэн арван жилд морж, цаа бугын тоо нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
PBI-ийн ахлах судлаач доктор Жон Уайтман “богино хугацаанд эерэг үр дүн” гэж үнэлсэн ч, “биеийн байдал бол нийт зураглалын зөвхөн нэг хэсэг. Сүүлийн үеийн бусад судалгаагаар мөсгүй өдрүүд олшрох нь бамбарууш, мөн нас бие гүйцээгүй болон хөгшин эмэгчин баавгайн амьд үлдэх чадварыг бууруулж байгааг тогтоосон” гэжээ.
Арктикийн бусад бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт цагаан баавгайд огт өөрөөр нөлөөлж байна. Арктик даяар цагаан баавгайн 20 дэд популяци бий.
Канадын Баруун Хадсон буланд, хамгийн өмнөд захын, хамгийн сайн судлагдсан бүлэгт дулааралтай шууд холбоотойгоор цагаан баавгайн тоо толгой буурсан байна.
Уайтман нэмж хэлэхдээ, урт хугацаанд цагаан баавгайн хувь заяа хэрхэх нь тодорхой: тэдэнд далайн мөс зайлшгүй хэрэгтэй. “Мөс алдагдана гэдэг эцэстээ баавгайн тоо цөөрнө гэсэн үг. Харин энэ судалгаа нь богино хугацаанд байдал бүс нутгаас шалтгаалан өөр байж болохыг харуулж байна. Урт хугацаандаа гэвэл мөсний алдагдал хяналтгүй үргэлжилбэл, бид цагаан баавгай эцэстээ устана гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ.