
Mонголын үндэсний олимпын хорооны IX чуулган өчигдөр/2026.03.12/ болж ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг дахин сонгогдсон. Мөн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар улиран сонгогдсон бол дэд ерөнхийлөгчид Монголын ширээний теннисний холбооны тэргүүн Ц.Гантулга анх удаа нэр дэвшин ялалт байгуулсан.
Харин МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга Э.Бадар-Ууганыг улираан томиллоо. Тэрээр 2017 оноос хойш энэ албан тушаалд гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
“Бээжин 2008” зуны олимпын XXIX наадмаас хойш болсон дөрвөн олимпод Монголын баг алтан медаль аваагүй. “Лос-Анжелес 2028” зуны олимпын XXXIV наадам хоёр жилийн дараа болохтой зэрэгцэн монголчууд алтан медальтай болсны 20 жилийн ой тохиох юм. Энэ чуулганаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн баг олимпын аварга Э.Бадар-Ууганд дахин итгэл үзүүлжээ.
IX чуулганд оролцогчдоос хамгийн ахмад нь 100 настай бол залуу нь 29 настай байна. Онцолбол, чуулганд Хөдөлмөрийн баатар, Ардын багш цолтой 5, гавьяат цолтой 11, ОУХМ 37, спортын мастер 16, олимп, дэлхийн медальтай 5 тамирчин оролцсон байна.
Мөн шинээр МҮОХ-ын Гүйцэтгэх зөвлөлд Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй болон Монголын дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр гэсэн сонгогджээ.






