
XX зууны монгол хэл судлалын түүхэнд нэгэн сод эрдэмт хүмүүн төрсөн нь Төрийн шагналт, гавьяат багш, академич, профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Шадавын Лувсанвандан билээ. Судлаачид түүнийг “Монгол хэлшинжлэлийн түүх, түүхэн хэл зүй, аялгуу судлал, орчин цагийн монгол хэлний авиа, үг бүтээвэр, үгийн сан, өгүүлбэр судлал зэрэг хэл шинжлэлийн бүхий л салбарт хамаарагдах хэлшинжлэлийн өргөн хүрээтэй иж бүрэн судалгааг хийсэн хэл шинжлэлийн онолын асар их мэдлэгтэй, түүний олон салбар ухааныг тэгш эзэмшсэн XX зууны Монголын их сэтгэгчдийн нэг” хэмээн тодорхойлдог.
Энэ агуу хүмүүн лүгээ, монгол хэл шинжлэлийн бүх салбарыг өргөн хүрээтэй иж бүрнээр судалж байгаа хүн бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Мөнхжаргалын Базаррагчаа юм.
Эрдэмтэн М.Базаррагчаа нь 1967 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг төгссөнөөс эдүгээ хүртэл эрдэм судлалын ажлаа туурвисаар, ном сурах бичиг 26, ганц сэдэвт бүтээл 14, эрдэм шинжилгээний онолын өгүүлэл 52, хялбаршуулсан нийтлэл тавь шахмыг нийтлүүлж, олны хүртээл болгосон байна.
Түүний “Монгол үгийн гарлыг мөшгих нь” 1, 2 (1992 он), “Монгол үгийн гарлыг мөшгих нь – 3, 4, 5 (1995 он), “Ажнай -6 Монгол хэлний үгсийн гарал судлалын зарим зүйл (1996 он), Монгол хэлний гарал судлал-7 (2020 он) цуврал бүтээл гарснаар монгол хэл шинжлэлд нэгэн томоохон нээлт болсон юм.
Түүний бүтээлийг эрдэмтэн зохиолч Л.Түдэв нэгэнтээ “Монголын хэл шинжлэлийн ухааны атар газарт ургуулсан цорын ганц саглагар мод” хэмээн үнэлсэн нь буй.
Аливаа хэлний үгсийн гарал үүсэл, түүхэн хөгжлийг судалж, тухайн үгийн язгуур ямар хэлнээс гаралтай, одоогийн хэлэнд хэрхэн нэвтэрсэн зэргээр үгийн хэлбэр, утгыг хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох хэл шинжлэлийн салбар ухааныг Үгийн гарал судлал (Etymology, Этимология) гэдэг бөгөөд дэлхийн улс үндэстэн бүр өөрийн хэлний үгсийн гарлыг тайлбарласан судалгааны бүтээл, толь бичгийг туурвисаар иржээ. Сүүлийн үед техник технологийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн дэлхийн томоохон хэлнүүдийн үгийн гарлын толиуд цахим хэлбэртэй болж, хэн ч хэзээ ч үзэж харах боломжтой болов.
Эдгээрээс хамгийн алдартай нь “Оксфордын үгийн гарлын толь” (Oxford Etymology Dictionary, OED) юм. Уг толь бичгийг зохиох ажлыг Лондоны Хэл шинжлэлийн нийгэмлэгээс 1857 онд эхэлсэн бөгөөд толийг үндэслэгч, толь зүйчээр Жеймс А.Х.Мюррей (James A.H. Murray 1837-1915), анхны редактораар Херберт Колридж (Herbert Coleridge, 1830-1861), сайн дурынхны зохион байгуулагчаар Фредрик Фурнивалл (Frederick Furnivall, 1825-1910) нар ажиллаж байв. Мөн толийг бүтээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол толь зүйч, редактор Хэнри Брэдлэй (Henry Bradley, 1845-1923), Уильям Крэйги (William Craigie, 1867-1957), Чарльз Талбут Онионс (Charles Talbut Onions 1873-1965) нар юм.
Чарльз Талбут Онионсын үед буюу 1966 онд Оксфордын үе үеийн толь зүйчдийн хүч хөдөлмөр шингэсэн, өнөөгийн цахим толийн гол хэрэглэгдэхүүн болсон 24000 толгой үгтэй, үүсмэл үгийн оролцуулвал нийт 38000 үгийн гарал үүслийг тайлбарласан анхны толь бичиг хэвлэгджээ. Уг толийн хоёр дахь хэвлэл 1989 онд 20 боть 21700 хуудастайгаар хэвлэгдсэн билээ.
Одоо Оксфордын толь бичиг боловсруулах салбар зөвлөл (branch councils)-д “OED-3” буюу шинэчилсэн дижитал 3 дахь хувилбар дээр үндсэн 70 шахам редактор мэргэжилтэн, сайн дурынхан (sourcing volunteers) болон олон зуун судлаач эрдэмтэн ажиллаж байна.
Өнөө цагт, англи хэлний үгийн гарлыг судалж, Оксфордын толийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа хамгийн нэр хүнтэй эрдэмтэн бол Миннесотагийн их сургуулийн профессор Анатоли Либерман юм. Тэрээр үгсийн гарлыг тайлбарлаад зогсохгүй, тухайн үгийг үүссэн түүхэн цаг үе, нийгэм соёлын өөрчлөлтэй нь холбон тайлбарлаж олон арван бүтээл туурвижээ. Жишээлбэл, Тэр “Орчин цагийн англи хэлний lord гэдэг үг хуучин англи хэлний hlāfweard (талхны хамгаалагч), lady нь hlæfdige (талх зүсэгч) гэсэн үгээс үүсэлтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүн бол гэр бүлийн талхны эзэн, эхнэр нь талхыг хуваагч, үр хүүхэддээ хүртээгч хэмээн эртний хүмүүсийн нийгмийн үүрэгтэй холбоотой” хэмээсэн байдаг.
Харин монгол хэлний үгийн гарал буюу үгийн бүтцийг түүхэн үүднээс Г.И.Рамстедт, Н.Поппе, Б. Ренчин, Г.Д.Санжеев, М.Н.Орловская, З.В. Шевернина, Чой. Лувсанжав, Б. Базылхан, Д.Төмөртогоо зэрэг гадаад дотоодын эрдэмтэд судалж ирсэн боловч ингэж тогтолцоогоор, иж бүрнээр судлан тогтоож байгаа нь профессор М.Базаррагчаа юм.
М.Базаррагчаа багш үгийн гарал судлалын бүтээлүүддээ “барагцаалбал 20000 үгийн бүтцийг утга хэлбэрийн хувьд задалсан” (Ж.Баянсан) хэмээсэн судалгаа байдаг бөгөөд энэ олон үгийн гарал үүслийг тайлбарлахад ямар их оюун ухаан, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсныг үгээр хэлшгүй. Оксфордын үгийн гарлын толийг бүтээхэд бүхэл бүтэн институци 170 орчим жилийг зарцуулж ирсний бид дээр өгүүлсэн нь санамсаргүй биш юм.
Энэ бүхнээс үзвэл түүний бүтээлүүд монгол хэлийг эртний, бие даасан хэл болохыг батлах дэлхийн хэмжээний судалгаа болжээ хэмээн ам бардам хэлж болно.
Тэрээр өөрийн бүтээл, судалгааны ажлын онцлог зэргээсээ шалтгаалан, үг нэг бүрээр ийм ийм гаралтай гээд үгийн гарлын толь бүтээх ярвигтай хэмээсэн ч багш маань үе үеийн шавь нар, хэл судлалын байгууллагуудтайгаа хамтран техник технологийн хөгжил дэвшлийг ашиглан монгол хэлний үгийн гарлын толь бичиг бүтээнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Ньютоны хууль, Омын хууль, Пифагорын теором...гэж сонсож байснаас монгол хэлэнд “хууль” байдаг гэвэл гайхах буй за. Гэвч хэл шинжлэлд хэлний аливаа үзэгдэл, тэдгээрийн хоорондох холбоос, зүй тогтлыг нээж тогтоож, тэдгээр зүй тогтлыг нээсэн хүнээр нэрлэх үзэгдэл байдаг.
Финландын эрдэмтэн Г.И.Рамстедт анх 1916 онд “Эртний түрэг-монгол хэлний үгийн эхний уруулын дуугүй гийгүүлэгчийн тухай” өгүүлэлдээ: Алтай хэлнүүд төдийгүй зарим энэтхэг европ хэлэнд ч үгийн эхний “Р” гээгдэж, “P=>f=>h=>∅” хэмээх томъёолол гаргасан байдаг. Үүнийг монгол хэл шинжлэлд “Рамстедт Пеллиогийн хууль” буюу “P=>f=>h=>∅”-ийн хууль хэмээн алдаршсан байдаг.
Энгийн үгээр тайлбарлавал, орчин цагийн монгол хэлний эгшгээр эхэлсэн бүх үгс гийгүүлэгчээр эхэлж байсан бөгөөд ГЭ гэсэн битүү үеэр эхэлж байгаад Рамстедтийн үзсэнээр үгийн эхэнд Р нь f болж, улмаар суларч h болсны дараа гээгдэж хоосон (∅) болсон гэж үзжээ. Жишээлбэл: Монгол хэлний “од” гэсэн үг анх “подун=>фодун=>ходун=>одун =>од” хэмээн хувьсаж өөрчлөгдсөн гэж үздэг.
Харин профессор М.Базаррагчаа “Үгийн эхэнд дуугүй чанга “Р”-гээс гадна, монгол хэлний бүх гийгүүлэгч байснаа гээгдсэн гэсэн санаа дэвшүүлж түүнийгээ олон зуун жишээгээр баталсан. Түүний энэ олон үгсийн гарлын тайлбар нотолгоо зэргийг харгалзан үзэж цаашид монгол хэлний “Бүх гийгүүлэгч=>h=>∅” гэх хувьсал буюу үе задгайрах зүй тогтлыг монгол хэл шинжлэлийн түүхэнд Базаррагчаагийн хууль хэмээх нь зүйтэй санагдана.Нөгөөтэйгүүр, өмнө цаг үеийн үгийн гарал судлаачид голдуу үгэн дээр буюу үгийн бүтцийг задлах талаас голчлон судалж ирсэн бол эрдэмтэн М.Базаррагчаа үгийн гарлын хамгийн бага нэгж нь CV (C- гийгүүлэгч, V-эгшиг) “үе-утгалбар” хэмээн тодорхойлж, үгийг үе утгалбараар задалж, үгийг дотоод бүтцийн талаас шинжилсэн юм. Тухайлбал: Монгол хэлний цагаан, цас, цаас, цалин гэдэг үгс ца хэмээх үе утгалбараас гаралтай гэх мэт. Ташрамд дурдахад, англи хэлний цалин (salary) гэдэг үг нэгэн цагт давс нь мөнгөний үүрэг гүйцэтгэж байсантай холбоотойгоор давс (sal, salt) гэсэн үгээс гаралтай аж. Академич Д.Төмөртогоо түүний эдгээр бүтээлийн талаар “Монгол хэлний үгийн бүтцийг авианы тогтолцоо хийгээд түүний түүхэн хувьсалтай нягт уялдуулан судалж, бүхэл бүтэн тогтолцоо гаргасан нь монгол судлалын түүхэнд гарсан цоо шинэ оновчтой хандлага гарсан гэж үзэж болно”, “...монгол хэлний үгийн бүтцийн хамгийн бага нэгж буюу анхдагч цөм нь үе-утгалбар силла-семема мөн гэсэн цоо шинэ үзэл баримтлал дэвшүүлсэн” гэж өндрөөр үнэлсэн байдаг.
Дунд сургуулийн монгол хэлний хичээл дээрээ өгүүлбэрийг гишүүдээр зурах ярвигтай зарим хүнд “яршигтай” дасгал ажлыг хийж байгаагүй уншигч бараг үгүй байх. Чухам өгүүлбэрийг өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тусагдахуун хэмээн гишүүдээр задлах нь хүний амьдралд ямар хэрэгтэй вэ? гэдэг асуулт тулгарна. Миний бие яг энэ асуултыг цөөнгүй багш сурагчаас асуусан ч тоймтой хариулт авч байсангүй.
Үүний хариултыг М.Базаррагчаа багш “Монгол хэлний өгүүлбэр судлал” 2005 бүтээлдээ тодорхой бичсэн байдаг. Тэрээр “Өгүүлбэрийг логикийн үүднээс тайлбарлахаас гүн ухаан эхэлнэ ( Готтлоб Фреге, Бертран Рассел), Логик нь үгээс бүтэх өгүүлбэрийг задална (Готтлоб Фреге), Амьдралын бүх баялаг зүйл зүйлс хэлэнд агуулагдана. Гүн ухаан бол хэлний гүн ухаанаас өөр юм биш (Л.Витгенштейн) гэсэн үгсийг ишлээд “Гүн ухаан нь гүн ухааны онцгой өгүүлбэрийг бус, хэлийг логикийн үүднээс задлахыг хэлнэ. Иймд гүн ухаан нь хэлийг задлах үйлдэл (Хуудас 8) Хэлний өгүүлбэр нь логиктой, хэлэхийн өгүүлбэр нь сэтгэл судлалтай, мэдэгдэхүүний өгүүлбэр гүн ухаантай, мэдэхүүний өгүүлбэр нийгэм судлалтай холбоотой (Хуудас 47 ) гэжээ.
Хэл шинжлэлийн өгүүлбэр (sentence)-ийг логикийн бодомж (premise)-той адилтгаж үзэх нь ч бий. Ингэхлээр, өгүүлбэрийг гишүүдээр задлах логикийн болоод оюуны дасгал юм. Хүүхэд хэдий чинээ үйлдлийн дарааллын дагуу, өгүүлбэрийг гишүүдээр задлах дасгал ажиллана, төдий чинээ оюун тархи нь хөгжих боломжтой юм.
Харин өгүүлбэрийг гүн ба өнгөн бүтэц, цөм ба цөм бус бүтцийг талаас судална гэдэг хэл шинжлэлийн төдийгүй гүн ухааны судлал юм. Үүнийг бид М.Базаррагчаа багшийн “Монгол хэлний өгүүлбэр” 1987, “Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр” 1993, “Монгол хэл уран зохиолын лавлах” (1995-2005), “Монгол хэлний өгүүлбэр судлал” 2005 зэрэг өгүүлбэр судлалын “аварга” бүтээлүүдээс харж болно.
Аристотель, Платоноос авхуулаад Ю.Д.Апресян, Уоллес.Л.Чейф, В.В. Богданов, Н.Чомский зэрэг олон арван хэл шинжлэлч, гүн ухаантнуудын бүтээлийг уншсан, судалсан, ишилсэн, “Алив юмсын дотоод гадаад, зогсонги ба хөдлөнги тал нь нэгээс дөрөв хүртэл тойрог үүсгэн цувах нь танин мэдэхүйн шатлал болох ба шат бүр нь алив шинжлэх ухааны үндсэн чиглэл судлагдахуун болдог. Энэ дөрвөн зангилааг гүн ухаанд Аристотелийн 4 шалтгаан хэмээдэг” (М.Базаррагчаа) гээд эдгээрийг монгол хэл шинжлэлд “Мэдэгдэхүүн- хэлэгдэхүүн-хэлэхүйн-мэдэхүүн” гэсэн дөрвөн зүйл судлагдахууныг нэвтрүүлсэн, хэлний нэгжүүдийг дөрвөн талаас судалсан цогц судалгаа зэргээс харахад профессор М.Базаррагчаа бол гүнзгий сэтгэгч, гүн ухаантан мөнөөс мөн.
Мөн түүний эдгээр бүтээлүүд монгол хэл шинжлэл, монгол хэлний өгүүлбэр судлалыг шинэ түвшинд гарган хөгжүүлжээ.
Тэрээр “Үгсийн аймаг, өгүүлбэрийн гишүүдийг нэгтгэн үзэж, үүр өндгийн харьцаагаар авч үзсэн нь” (Үүр гэдэг нь өгүүлбэрийн түгээмэл бүтэц, өндөг нь түүнд байрлах үгсийн аймаг буюу өгүүлбэрийн гишүүд юм) монгол хэлний өгүүлбэр судлалд дэвшил болсон юм.
“Утгын бүрэлдэхүүн нь гүн бүтэц, утгын тайлал нь өнгөн бүтэц болно. Тэгвэл өгүүлбэрийн бүрэлдэхүүн нь утгын ба авиалбарын бүрэлдэхүүн, тайллын орогнох түгээмэл орогнох үүр юм. Л.К.Пайк “үүр”, М.Минский цомог (фрейм) гэж нэрлэсэн бөгөөд энэхүү үүр хэмээх цомог нь “харьцааны тор” болно” хэмээн Америкийн алдарт хэл шинжлэлч, антропологич Кеннет Лий Пайк, Америкийн танихуйн болон комьпютерийн ухаан, хиймэл оюун судлаач, Массачусетсийн Технологийн Институтын хиймэл оюун ухааны лабораторийг үүсгэн байгуулагч, эрдэмтэн, философич Марвин Минский нарын судалгаанд тулгуурлан “Үүр өндгийн харьцааны онол”-оо боловсруулжээ. Уг харьцаандаа тулгуурлан өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч, дэд дэлгэрүүлэгч, захын дэлгэрүүлэгч гишүүдийг тодорхойлсон байдаг.
Мөн профессор М.Базаррагчаа өгүүлбэрийн гүн ба цөм бүтцийн тухай дэлгэрэнгүй өгүүлж, гүн бүтэц нь үйлдэгч (эрхэн үйлдэгч, өртөн үйлдэгч, хамтран үйлдэгч, туслан үйлдэгч, хүлээн үйлдэгч, үүсгэн үйлдэгч)-тэй, цөм бүтэц нь үйл үгтэй холбоотой гэж үзжээ. Бас нийлсэн хэлц холбоо үгийг судалж, үгийн санжсан, утгазүйжсэн, хэлзүйжсан, бүхэлзүйжсэн холбоо үгийг өгүүлбэр зүйн судлалд анх удаа авч үзсэн байдаг. Хамгийн чухал нь, монгол хэлийг компьютерт ойлгуулахуй буюу монгол хэлний “Эх хэл боловсруулалт” (Natural Language Procecessing NLP)-ын “Өгүүлбэрийн задлуур”, “Үгийн утга тодорхойлогч”-ийг хөгжүүлэхэд профессор М.Базаррагчаагийн өгүүлбэр зүйн эдгээр судалгаанууд гол суурь болох нь дамжиггүй агаад түүний орчин үеийн хэл шинжлэлийн хөгжилд оруулах томоохон хувь нэмэр билээ.
Профессор М.Базаррагчаа нь монгол хэлний судлалд “эх”-ийг судлах эхийг тавьсан хүн юм.
Тэрээр 1989 онд бичсэн “Монгол хэлний эхийн тухай” өгүүлэлдээ “Эхийн хамгийн бага нэгж нь цогцолбор юм. Нэг санааг агуулсан хэд хэдэн өгүүлбэрийг цогцолбор гэнэ... Дунд сургуулийн сурах бичигт, “Утга хэлзүйн талаар холбоотой хэд хэдэн хэсгээс бүрэлдсэн (олон) өгүүлбэрийг эх гэнэ. Эх нь хоорондоо холбоотой хэд хэдэн хэсгээс бүрэлдсэн байж болно. Бичигт хэсгийг догол мөрөөс эхэлнэ” гэснээс өөр зүйлгүй байна. Үүний эхнийх нь цогцолборыг, сүүлчийнх мөчлөгийг хэлсэн бололтой байна”хэмээсэн байдаг.
Ийнхүү эхийн үндсэн нэгж цогцолборыг судалж, улмаар цогцолборын хэлэхүйн хэв маягийг тайлбарламж, хүүрнэмж, тоочимж, эргэцүүлэмж гэж дөрвөн хэсэгт хувааж үзсэн. Мөн эхийн санааг үүдэл санаа, гол санаа, зорьсон санаа, шинэ санаа гэж дөрөв хуваасан.
М.Базаррагчаа багш орчин үеийн эх судалын үндсэн асуудал болох эхийн агуулга санааг ойлгох, тайлбарлах, эхийн төрөл (дэлгэр эх, бичил эх), эхийн задлал, дэвсгэр (rheme) онцолбор (theme) мэдээллийн ялган тогтоох асуудлыг Герменевтик философийн үүднээс анхлан тайлбарласан байдаг.
Тэрээр орчин үеийн гүн ухааны дөрвөн урсгал шинж нь
Тайлбарлал зүйд гүн ухаан нь танин мэдэхээс бус, харин энэхүү ертөнцөд хүний оршин байхаас эхэлнэ, оршин байхын гэр нь хэл юм гэж үздэг...Хэлэн дэх ертөнц нь эх болон хувирах тул түүнийг хүн өөрийнхөөрөө тайлбарладаг. Иймд тайлбарлал зүй нь эхийг тайлбарлах ёс бөгөөд ойлгох, тайлбарлах хоёр бүрэлдэхүүнтэй (2005) хэмээсэн байдаг.
Профессор М.Базаррагчаа нь жинхэнэ эрдэмтэн, гүн сэтгэгч төдийгүй олон мянган оюутан, багш нарын хайр хүндлэлийг хүлээсэн ардын багш хүн билээ. М.Базаррагчаа багшаас номын дуу сонсоогүй монгол хэлний багш үгүй гэхэд хилсдэхгүй.
Багш маань монгол хэлний 20 орчим сурах бичиг бичихийн зэрэгцээ монгол хэлний сургалтын арга зүй, технологийг шинэчлэх багш нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бүх насаараа ажиллажээ. Тэгэхлээр багшийн сурах бичгийг үзээгүй монгол хүн ч ховор юм.
М.Базаррагчаа багш эх судлахын зэрэгцээ эхэд тулгуурласан эх хэлний сургалтын онол арга зүйг боловсруулж, сургалтанд нэвтрүүлсэн юм.
“Хэлэх буюу сэтгэх орчил нь хэлэх сэтгэх үйл ажиллагаа бөгөөд энэ ажиллагаа хэлэн дэх ертөнц гэгч анхдагч эхээр эхэлж, сэтгэхүй дэх хоёрдогч эхээр төгсдөг ажээ. Ийм учраас хэл шинжлэл хийгээд хэлний сургалт нь эх судлал (лингвистика текста)-д тулгуурлах боллоо. М.Базаррагчаа
Эрдэмтэн Д.Эрдэнэсан “Монгол хэлний сургалт, арга зүйд хэлний утга, бүтэц, хувиргал, соёлын талаас зааж таниулахдаа эхэд хэрхэн суурилж, эхийг хэрхэн задлан шинжлэх, хэрхэн хэрэглэх зэрэг суралцагчийн эх хэлээрээ бүтээлчээр сэтгэх арга зүйн үндсийг боловсруулсан эрдэмтний нэг юм” хэмээн маш оновчтой тодорхойлсон байдаг.
“Эх хэлээрээ найруулах эрдэмд сургахдаа эрх биш утгад шүтэж, уран тод санааг эрхэмлэж, хэл зүйгээр хаших нь зүй биз ээ” гэх мэтчилэн түүний монгол хэлний утга судлал, найруулга зүйн бүтээлийн талаар нэгэн нийтлэлд багтаах боломжгүй агаад олон нийтэд зориулж бичиж байгаа тул аль болох мэргэжлийн үг хэллэгийг хялбарчлахыг хичээсэн болно.
Түүний өчүүхэн шавь: МУИС-ийн багш Чой.Баттулга