
Ираны дайн үргэлжилж, дэлхийн хамгийн чухал эрчим хүчний тээврийн замуудын нэг саатсаны улмаас газрын тосны үнэ огцом өсөж, Өмнөд Азийн зарим оронд шатахууны хомсдлоос үүдэлтэй хүчирхийлэл гарч эхэлжээ.
Даваа гарагт газрын тосны үнэ баррель нь 115 ам.доллароос давж өссөн бөгөөд шатахууны хомсдолын улмаас Өмнөд Азид шатахууныг хуваарилалттай олгох, зарим шатахуун түгээх станцыг хаах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Brent төрлийн түүхий тос баррель нь 115.31 ам.долларт хүрч, баасан гарагийн хаалтын үнээс 24 хувиар өссөн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь АНУ Израилийн Ирантай хийж буй дайн хоёр дахь долоо хоногтоо орсонтой холбоотой юм. Мөн дэлхийн газрын тосны гол тээврийн зам болох Ормузын хоолой хаалттай хэвээр байна.
Brent тосны үнэ ийм түвшинд хүрсэн нь Орос Украины дайн эхэлсэн 2022 оноос хойш анх удаа тохиож буй явдал юм.
Газрын тосны үнийн өсөлт нь шатахууныг их хэмжээгээр импортолдог Өмнөд Азийн орнуудад ноцтой дарамт үүсгэж, шатахуун түгээх станцууд хаагдаж, шатахууныг хязгаарлаж эхэлжээ.
Сиалкот хотод нэгэн хүн ажилчид канистрт нь шатахуун хийхээс татгалзсаны дараа гал нээжээ. Уг халдлагын улмаас нэг ажилтан амиа алдаж, хоёр хүн хүнд шархадсан байна. Үүнээс гадна Карачи хотод шатахуун авах дараалал дээр гарсан маргааны үеэр нэг хүн амиа алдсан байна.
Пакистан улс баасан гарагт шатахууны үнийг литр тутамд 55 пакистан рупигээр нэмэгдүүлж, литр нь 321 пакистан рупи болсон нь тус улсын түүхэнд нэг удаад нэмэгдсэн хамгийн их өсөлттэй үнэ болжээ. Пакистан улс Ормузын хоолойгоор дамжин ирдэг нийлүүлэлтээс хамгийн их хамааралтай хөгжиж буй орнуудын нэг юм.
Харин Бангладеш улс цахилгаан хэрэглээг бууруулахын тулд их сургуулиудын Ид аль-Фитрийн амралтыг урьдчилан эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ арга хэмжээ нь Катар улс шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийн нийлүүлэлтээ түр зогсоосны дараа эрчим хүчний дарамтаа бууруулах зорилготой аж.
Албаныхны мэдээлснээр их сургуулийн кампусууд дотуур байр, анги танхим, лаборатори болон агааржуулалтын системээс шалтгаалан их хэмжээний цахилгаан хэрэглэдэг бөгөөд хичээлийг эрт хаах нь улсын эрчим хүчний системийн ачааллыг бууруулахад тусална гэж үзжээ. Мөн тус улсын зургаан бордооны үйлдвэрийн тав нь үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Өнгөрсөн долоо хоногт Бангладеш шатахууны хэрэглээнд өдөр тутмын хязгаар тогтоосон бөгөөд мотоцикльд 2 литр, хувийн автомашинд 10 литр хүртэл шатахуун авахыг зөвшөөрсөн байна. Шатахууныг их хэмжээгээр худалдан авах явдал гарснаас болж олон станц хоосорсон аж.
“Манай шатахууны 95 орчим хувийг импортоор авдаг,” гэж Bangladesh Petroleum Corporation мэдэгдэж, иргэдийг шатахуун нөөцлөхгүй байхыг уриалжээ.
Томоохон эдийн засгууд ч мөн адил уг нөлөөлөлд өртөж байна. Япон улс өнгөрсөн ням гарагт үндэсний газрын тосны нөөцөөс ашиглах бэлтгэл хийхийг үүрэг болгосон бөгөөд ийм шийдвэрийг 2022 оноос хойш анх удаа гаргажээ.
Тус улс 254 хоногийн нөөцтэй боловч түүхий тосныхоо 95 хувийг Ойрхи Дорнодоос импортолдог бөгөөд үүний 70 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг.
Энэтхэг улс газрын тосныхоо 88 гаруй хувийг импортолдог ч албаныхан нь нөөц хангалттай байгаа гэж мэдэгдэв. Энэтхэгийн газрын тосны сайд Хардийп Пури манай улс “хангалттай нөөцтэй” гэж мэдэгдэж, шингэрүүлсэн шатдаг хий (LPG) үйлдвэрлэдэг бүх төрийн болон хувийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна.
Шинжээчид газрын тосны үнэ баррель нь 150 ам.доллароос давж болзошгүй гэж анхааруулж байна.
“Kpler”-ийн ахлах шинжээч Муюу Шу “Хэрэв Ормузын хоолойгоос үүдэлтэй дахь тасалдал дахин 1–2 долоо хоног үргэлжилбэл газрын тосны үнэ 130-150 ам.долларт хүрэх магадлалтай” гэж мэдэгджээ.
Fitch Solutions-ийн нэгж болох BMI-ийн судалгаагаар Пакистан, Энэтхэг нь газрын тосны импортоос хамаарал ихтэй тул хамгийн эмзэг хөгжиж буй эдийн засгуудын тоонд багтаж байна. Харин Персийн булангаас гадна Египет, Турк улсууд эрсдэл өндөртэйд тооцогдож байна.
Нөхцөл байдал хүндрэхийн хэрээр Ирак, Кувейт, АНЭУ газрын тосны үйлдвэрлэлээ багасгаж эхэлсэн байна. Экспорт хийх боломж хязгаарлагдсанаас агуулахууд дүүрч эхэлжээ.
Ираны парламентын дарга Мохаммад Багхер Галибаф Израилийн цохилтын дараа Техраны газрын тосны агуулах болон нефть дамжуулах байгууламжид гарсан халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар дурдан, дайны нөлөө газрын тосны салбарт “илүү өргөжин тэлнэ” гэж анхааруулсан байна.
Өдөр бүр ойролцоогоор 15 сая баррель түүхий тос буюу дэлхийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг гэж Rystad Energy мэдээлжээ.
Катарын эрчим хүчний сайд Саад аль-Кааби “Хэрэв Ираны зөрчил үргэлжилбэл Персийн булангийн бүх эрчим хүч экспортлогч орнууд ойрын долоо хоногуудад экспорт зогсоох эрсдэлтэй” гэж анхааруулсан байна.
Харин АНУ-ын эрчим хүчний сайд Крис Брайт CNN-д өгсөн ярилцлагадаа шатахууны үнэ удахгүй буурч, галлон нь 3 ам.доллароос доош орно гэж мэдэгдэж, үнийн огцом өсөлтийг “хэдэн долоо хоногийн асуудал” гэж тайлбарласан байна.