
Хятадын зүүн хэсэгт орших Жянсү мужийн Янчэн хотод баригдаж байсан төмөр замын гүүр нурж, тав хүн амь үрэгдсэн байна.
Осол орон нутгийн цагаар 17:46-д гүүрийн барилгын талбай дээр болсон бөгөөд 95 метр урттай бүтцийн хэсэг гэнэт нуржээ. Мягмар гараг (2026.02.04)-т эрэн хайх ажиллагааны явцад алга болсон гурван хүний цогцсыг олсноор, осолд өртсөн бүсэд байсан нийт таван ажилчин нас барсан болохыг төрийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гүүр нурах үед ажилчид дээр нь ажиллаж байсан аж.
Төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, уг осол нь гүүр барих явцад татлагат нуман дам нуруу нуран унасантай холбоотой. Энэхүү гүүр нь Ляньюньган–Шанхайн төмөр замын шугамын нэг хэсэг бөгөөд төслийг China Railway 12th Bureau Group Co., Ltd хэрэгжүүлж байгаа аж. Тус компани нь төрийн өмчит China Railway Construction Corporation Limited-ийн охин компани юм.
Орон нутгийн захиргааны мэдээлснээр, ослын дараа яаралтай тусламжийн алба шуурхай очин ослын газарт ажиллаж, хот болон дүүргийн засаг захиргаанууд хамтран аврах ажиллагааг зохион байгуулжээ. Нурангинаас хоёр ажилчныг амьд гаргасан боловч тэд авсан гэмтлийн улмаас нас барсан байна. Үлдсэн гурван хүнийг шөнөжин хайж, мягмар гарагийн өглөө олжээ.
Одоогоор аврах ажиллагаа бүрэн дууссан гэж Синьхуа агентлаг орон нутгийн албаны эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Хятадын Төв Телевизийн гаргасан дүрс бичлэгт дуусаагүй гүүрийн том хэсэг мушгирч газар унасан, хүнд техник болон аврагчид нурангитай ажиллаж буй нь харагджээ.
Энэхүү гүүр нь сүүлийн арван жилд эрчимтэй өргөжсөн Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээний нэг хэсэг бөгөөд Ляньюньган–Шанхайн шугам нь Жянсү мужийн хойд хэсгийг зүүн бүсийн эдийн засгийн төвтэй холбох зорилгоор баригдаж байжээ.
Ослын шалтгааныг тогтоох албан ёсны мөрдөн шалгалт эхэлсэн ч одоогоор дүгнэлт гараагүй байна. Барилга угсралтын явцад бүтцийн доголдол яагаад үүссэнийг тодорхойлоогүй хэвээр байгаа аж.
Энэ нь Хятадад сүүлийн үед гарсан томоохон дэд бүтцийн төслүүдтэй холбоотой ослуудын нэг болж байна. Өмнө нь 2024 оны 12-р сард Гуандун мужид төмөр замын барилгын талбайд газар суулт үүсч 13 ажилчин нас барсан. Өнгөрсөн оны 11-р сард Куньмин хотод туршилтын галт тэрэгтэй холбоотой ослоор 11 хүн амиа алдсан гэхчлэн томоохон ослууд гарсан билээ.