
Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг" Энэ сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Харин шинийн гурван буюу энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Иймд баярын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорьж буй бол тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авч, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхааруулж байна. Мөн зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг зөвлөж байна" гэлээ.