
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгостой харилцаагаа улам бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолж, хоёр улс үеийн үед харилцан дэмжиж ирснийг онцолсон тухай Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээлэв.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан аравдугаар сарын 1-нд Ши Жиньпинд баярын мэндчилгээ илгээсэн юм. Тэрбээр захидалдаа хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг цаашид хөгжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо хамгаалахаа илэрхийлсэн байна.
Ши Жиньпин үүний хариуд мягмар гарагт илгээсэн захидалдаа БНХАУ, Умард Солонгос газар зүйн хувьд хил залгаа, уламжлалт найрамдал, хамтын хувь заяа нь хоёр талын харилцааны гол онцлог байсаар ирснийг тэмдэглэжээ.
Ши Жиньпин захидалдаа “Хятад улс Умард Солонгостой хамтран хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, нягт харилцаа холбоо, зохицуулалтаа хадгалахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
БНХАУ-ын дарга эдгээр хүчин чармайлт нь хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон байна.
Умард Солонгос ОХУ-тай харилцаагаа эрчимтэй хөгжүүлсэнтэй холбоотойгоор 2024 онд Пёньян, Бээжингийн харилцаанд хүндрэл үүссэн.
Гэвч Ким Жон Ун 2025 онд БНХАУ-ын Ялалтын баярын цэргийн парадад оролцож, Ши Жиньпин энэ онд Умард Солонгост айлчилснаар хоёр улс уламжлалт харилцаагаа сэргээх чиглэлд ахиц гаргажээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйн нэг илрэл нь өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын Синийжү хотыг БНХАУ-ын Дандун хоттой холбосон Амнок мөрний шинэ гүүрийг ашиглалтад оруулсан явдал юм.
Уг байгууламжийг Ялу мөрний шинэ гүүр гэж мөн нэрлэдэг бөгөөд хоёр улсын хил дамнасан тээвэр, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чухал дэд бүтэц гэж үзэж байна.