
2026 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн өнөөдөр тодорно.
Шведийн академи шагналын эзнийг Стокгольмын цагаар 13:00 цагт зарлах бөгөөд Монголын цагаар 19:00 цагийн орчимд дэлхий нийт уран зохиолын шинэ Нобелийн шагналтныхаа нэрийг сонсох юм.
Харин эл өдөр хүртэлх таамгууд дунд Канадын яруу найрагч, эсээч Энн Карсон, Хятадын экспериментал зохиолч Цань Шюэ нарын нэрс туйлын их анхаарал татаж байгаа аж. "The Guardian" сайтын сүүлд нийтэлсэн тоймд хоёр зохиолчийг букмекерийн гол фаворитууд хэмээн онцолсон юм. Таамаглалын хувьд хамгийн өндөр буюу 22 хувийн үзүүлэлтээр Энн Карсон тэргүүлж байгаа бол түүний дараа Австралийн зохиолч Жералд Мурнан, мөн Цань Шюэ нар удаалж байна. Гэвч букмекерийн таамаглал Нобелийн шагналд төдийлөн нөлөөлж байгаагүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Энн Карсон бол өнөө цагийн хүчирхэг дуу хоолойн нэг. Тэрээр “Autobiography of Red” бүтээлдээ эртний Грекийн домгийг орчин үеийн яруу найргийн бичлэгийн бүтэцтэй харгалдуулж, төрөл жанрын дундах заагийг бүдгэрүүлсэн гэж үнэлэгддэг. Мөнхүү Нобелийн шагналыг Америкийн яруу найрагч Луиз Глик хүртсэнээс хойш зургаан жил өнгөрсөн учир дахин нэг яруу найрагчид эл шагналыг олгох магадлал өндөр буй. Харин Цань Шюэ уламжлалт өгүүлэмжийн хэм хэмжээг эвдэж, уншигчийг бодит хийгээд хийсвэрлэлийн завсрын орон зайд оршоодог бүтээлүүдээрээ алдартай. Тэрээр Бүүкерийн шагналын сүүлийн сунгаанд үлдэж, мөн "The Last Lover" ном нь 2015 онд шилдэг орчуулгын бүтээлийн шагнал хүртэж байв.
Харин эдгээрийн хойно уншигчдын хамгийн сайн мэдэх, японы зохиолч Мураками Харуки, канадын нэрт хүүрнэлч Маргарет Этвүүд, латин, америкийн уран зохиолын өнөө цагийн гол төлөөлөгчдийн нэг Кристина Ривера Гарса нар яригдаж буй билээ.
Кристина Ривера Гарсагийн хувьд роман, өгүүллэг, яруу найраг, эсээ, дурсамж зэрэг олон төрөлд бүтээл туурвидаг бөгөөд Макартурын тэтгэлэг хүртэж байв. Түүний хамгийн их анхаарал татсан бүтээл бол "Liliana’s Invincible Summer" юм. Уг номоороо 2024 оны Пулитцерийн шагналыг "Memoir or Autobiography" төрөлд хүртсэн агаад 1990 онд бусдын гарт амиа алдсан өөрийн дүү Лилианагийн амьдралыг захидал, тэмдэглэл, цагдаагийн баримт, ярилцлага зэрэг эх сурвалжаар сэргээн бичиж, хувийн гашуудлыг жендэрийн хүчирхийлэл, шударга ёс, дурсамж зэргээр хөндөж, эдгээрийг нэгэн цогц болгон бүтээжээ.
Мөнхүү Укрианы зохиолч Андрей Курков таамагт нэлээд доогуур үнэлэгдсэн хэдий ч хүчтэй өрсөлдөгчийн нэр хэвээр буй. Түүний монгол хэлнээс орчуулагдсан "Саарал зөгийнүүд" романдаа өдгөө дэлхий дахины анхаарлын төвд бүтэн дөрвөн жилийн турш байсаар буй Орос, Украйны дайны тухай өгүүлдэг. Ингэхдээ хоёр орны тулаан, цэрэг, зэвсгийн талаар гэхээс илүүтэй өнөөгийн хүмүүсийн хүн чанар, дотоод ертөнцийн орон зайг илүүтэй гаргахыг зорьсон нь бий.
Мэдээж Нобелийн шагналын хувьд уншигчдын таамгийг олонтоо үгүйсгэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил хүртэл зах зээлийн төсөөлөлтэй зөрсөн сонголтууд гарч байсан тул эдгээрийг эцсийн хариу гэж үзэх боломжгүй. Ямартаа ч энэ удаад Нобелийн утга зохиолын шагналыг Энн Карсон эсвээс Цань Шюэ хүртэх үү гэдэг асуултыг уншигчид хамгийн ихээр тавьжээ.