
"Төр төмөр нүүртэй" гэх хуучны үг бий. Гэвч сүүлийн жилүүдэд манай төр иргэд рүүгээ хандаж, нүүрээ арай зөөлөн харуулахыг хичээх болсон нь нууц биш. Иргэдийн оролцоог дэмжих, мэдээллийг нээлттэй болгох чиглэлд багагүй ажиллаж, урьд өмнөхөөсөө илүү "шилэн" болохыг зорих болов. Иргэд "1111 төв"-д хандан гомдлоо хэлж, цахимаар гарын үсэг цуглуулан хуулийн төсөлд саналаа өгдөг болсон нь үүний тод жишээ.
Гэвч ингэж иргэдээ сонсдог, асуудлыг нь шийдвэрлэдэг мэт дүр эсгэдэг төр үнэхээр бидний дуу хоолойг сонсож, шийдвэрээ өөрчилдөг үү гэвэл үгүй. Хамгийн наад зах нь, улсын халаас буюу төсвийн мөнгийг зарцуулах тал дээр иргэд төрд санал хүсэлтээ өгч чадахгүй хэвээр байна.
Тухайлбал, Олон улсын төсвийн түншлэл (IBP) байгууллагаас хоёр жил тутамд гаргадаг, дэлхийн 83 орныг хамруулсан “Төсвийн нээлттэй байдал 2025” олон улсын 10 дахь удаагийн судалгааны үр дүн үүнийг батлав. Уг судалгаагаар манай улсын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч, үйл явцад нь иргэд оролцох боломж хангалтгүй хэвээр байгааг дурджээ.
Тодруулбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар манай улс 64 оноо авсан бол, олон нийтийн оролцоогоор ердөө 35 оноо авсан байна. Төр төсвөө хэрхэн үрж байгаагаа шилэн цонхны цаанаас харуулж, өөрөө өөрийгөө хянах тогтолцоо нь 74 оноогоор үнэлэгдсэн ч, хамгийн гол зүйл болох иргэдийг тэр цонхоор орж саналаа хэлэх хаалгыг нь нээж өгөхгүй байгааг эдгээр тоо бэлхнээ гэрчилнэ.
Монгол Улсын төсвийн ил тод байдлын үзүүлэлт 2019 оноос хойш тасралтгүй өссөөр иржээ. Олон улсын жишгээр 61-ээс дээш оноо авна гэдэг нь иргэд төсвийн хэлэлцүүлэгт мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газар нийтэлж байна гэсэн үг аж. Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ улсын төсвийн үндсэн 8 баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг бөгөөд манай улс эдгээр баримт бичгийг бүгдийг нь ил болгож сурчээ. Гэвч баримтуудыг зүгээр нэг "ил гаргах" нь хангалттай биш. Тухайлбал, бид төсвийн мэдээллийг харах эрхтэй болсон ч, түүнийг нь уншаад бүрэн "мэдэх, ойлгох" боломжгүй байна. Учир нь төрөөс гаргаж буй эдгээр баримт бичиг нь энгийн иргэнд зориулагдаагүй, хэтэрхий мэргэжлийн санхүүгийн хэллэг, хуурай тооны цуглуулга хэлбэрээр нийтлэгдэж буй. Энэ дундаас жирийн нэг татвар төлөгч өөрт хэрэгтэй мэдээллээ шүүж уншина гэдэг бүтэшгүй даваа юм.
Судалгаагаар төсвийн баримт бичгийн агуулгын иж бүрдлийн хувьд нэгдсэн төсвийн хагас жилийн тайлан 100 онооноос дөнгөж 26 авсан бол, УИХ-аас баталсан Төсвийн тухай хууль ердөө 39 оноо авчээ. Энэ нь төрийн зүгээс мэдээллийг зүгээр л "ил болгосон" гэж нэр зүүхээс цаашгүй, агуулгад нь болон иргэдэд ойлгомжтой байх тал дээр огт ач холбогдол өгөхгүй байгааг харуулж буй хэрэг юм.
Улсын засаглалыг сайжруулахад дан ганц төсвийг ил болгох нь хангалтгүй. Хамгийн гол нь, шилэн болгосон мэдээлэл дээрээ тулгуурлан иргэд шийдвэр гаргалтад бодитоор оролцох нь ус агаар шиг чухал юм. Гэвч Монгол Улс төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны ерөнхий дүнгээр 100 онооноос ердөө 35 авсан нь манай засаг иргэдээ сонсох тал дээр хэлбэр төдий ажиллаж, бодит оролцоог нь орхигдуулсаар байгааг илтгэнэ.
Олон улсын судалгаагаар УИХ, Засгийн газар болон Үндэсний аудитын газрын зүгээс иргэдэд төсвийн үйл явцад оролцох албан ёсны боломж олгож буй эсэхийг төсвийн мөчлөгийн бүхий л шатаар нь ухаж шалгадаг аж. Төсвийн дөрвөн үндсэн шатыг тус тусад нь задалж харвал, төсөв боловсруулах шатанд Засгийн газраас иргэдэд санал өгөх боломж олгож эхэлснээр 2025 оны судалгаагаар 33 оноо авч, багахан ахиц гарчээ. Дараагийн шат буюу Төсвийн хуулийг батлах үед УИХ-аас иргэдийн оролцоог хангах үзүүлэлт хамгийн өндөр буюу 45 оноотой гарсан байна. Харин Төсвийн хэрэгжилтийн шатанд иргэд хяналт тавих боломж 34 оноо, хамгийн сүүлийн буюу Төрийн аудитын байгууллагаас аудит хийх шатанд иргэдийг оролцуулах албан ёсны механизм нь 33-хан оноогоор үнэлэгджээ.

Нээлттэй нийгэм ТББ-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй. Төсвийн нээлттэй байдалд эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй. Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 100 онооноос 35 авсан нь Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.
Эдгээр тооноос харахад манай улс төсвийн аль ч шатанд 50 хувийн босгыг давж чадахгүй бүдэрч буй. Гэтэл олон улсын жишигт иргэдийг зөвхөн санал өгөгч төдийхнөөр хардаггүй. Харин төсвөө хамтран шийдвэрлэж, иргэдийнхээ дуу хоолойг бодитоор сонсдог байна.
Эцэст нь, төр засаг мэдээллээ "шилэн" болголоо гэж хэчнээн тунхаглаад ч, иргэдийнхээ оролцоог бодитоор хангахгүй цагт төсөв тойрсон хулгай, уул шиг үргүй зардлууд хэзээ ч зогсохгүй билээ...