
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрээр "Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн цогцолбор барих асуудлаар тодорхой шийдвэр гаргалаа. Эрдэнэтэд, Оюутолгойд, Сайншандад гээд олон газар зэс хайлуулах үйлдвэр барих тухай олон жил ярьсан. 1984 оноос хойш ярьж эхэлсэн юм билээ. Засгийн газруудын мөрийн хөтөлбөрт ч ордог байсан. Ерөнхий сайд энэ талаар захирамж гаргаж ЗГХЭГ-ын даргад энэ ажлыг хариуцуулж байгаа.
Жилд 120 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ-ийг нь хийсэн. Үйлдвэрийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар болно гэж тооцож байгаа. Зэс хайлуулах үйлдвэр нь өндөр өгөөжтэй биш. Харин түүнийг тойроод зэсээр эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд нь өндөр өгөөжтэй байдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах олон улсын тендерийг удахгүй зарлана. 500-гаас дээш сая ам.долларын хөрөнгө оруулалтыг УИХ-аар хэлэлцүүлдэг. Үүний дагуу ажлаа зохион байгуулна. Аль нэг улсын аж ахуйн нэгжид давуу тал олгохгүй" гэв.