
Европын супермаркетуудыг онилсон хакерын халдлага даваа гарагт тив даяар тархав. Халдлага Шведээс Бельги хүртэлх дэлгүүрүүдийн хөргөгч, хөлдөөгчийн системийг доголдуулсны улмаас хүнсний бүтээгдэхүүнийг устгахаас аргагүй болжээ. Энэ нь өнгөрсөн сард Францад гарсан халдлагатай төстэй байв.
Хөргөгч, хөлдөөгчийн тасалгаануудын температурыг нэмэгдүүлсэн уг халдлага Бельги, Люксембург дахь Ahold Delhaize), Colruyt сүлжээ дэлгүүрүүдээс гадна Шведийн ICA болон Coop хүнсний дэлгүүрүүдэд нөлөөлжээ. Тавилгаас эхлээд махан бөмбөлөг хүртэлх бүтээгдэхүүнээрээ алдартай IKEA компанийн нэг салбар мөн халдлагад өртсөн байна.
Стокхольм хот дахь ICA франчайз дэлгүүрийн борлуулалтын менежер Энгла Ингваллын мэдээлснээр халдлага шөнийн 02:00 цагт болсон ч хэдэн цагийн дараа л илэрсэн аж. Энэ удаагийн халдлагууд өнгөрсөн сард Францад болсонтой ижил юм. Тухайн үед хакерууд хэдэн зуун супермаркетын хөргөлтийн төхөөрөмжийн температурыг өөрчилж улмаар гал түймэр гаргахын зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний их хэмжээний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллага мэдээлж байв.
Халдлагуудын аль алинд нь одоогоор хариуцлага хүлээсэн этгээд гараагүй байна. Гэсэн ч 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш аюулгүй байдлын хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор дэд бүтцэд чиглэсэн аюул заналхийллийн талаарх Европын эрх баригчдын болгоомжлолыг эдгээр хэрэг явдал улам нэмэгдүүлжээ.
Бельгийн Кибер аюулгүй байдлын төвийн хэвлэлийн төлөөлөгч Катрин Эггерс “Энэ халдлагын ард хэн байгааг одоогоор мэдэхгүй, хэзээ ч тогтоож чадахгүй байж магадгүй” гэж хэлжээ.