
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн зургаадугаар сард татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаахгүй, дансанд нь орж ирсэн мөнгөн хөрөнгийн 20 хувийг үлдээх шийдвэр гаргасан билээ. Үүний зэрэгцээ татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 12,153 татвар төлөгчийн битүүмжлэгдсэн дансыг нээж, 2,021 аж ахуйн нэгжийг нийт 64.5 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөлөн, төлөвлөгөөт 7,029 хяналт шалгалтыг цуцлах зэрэг арга хэмжээ авсан юм.
Засгийн газар эдгээр шийдвэрийг эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хувийн хэвшилд итгэх итгэлийг бэхжүүлэх чухал алхам хэмээн тайлбарлаж байв. Мөн цаашид шүүхийн шийдвэргүйгээр хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хааж, хязгаарладаг үйлдлийг хуулиар зохицуулна хэмээн амласан.
Гэтэл төрөөс гаргасан энэхүү шийдвэр "Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй" гэдэгтэй адил хэрэгжих болжээ. Тодруулбал, данс хаахаа больсон татварын алба татварын өртэй гэх үндэслэлээр аж ахуйн нэгжүүдийн eTax системд нэхэмжлэх үүсгэх эрхийг хязгаарладаг болсон байна.
Татварын алба татварын өртэй гэх үндэслэлээр аж ахуйн нэгжүүдийн eTax системд нэхэмжлэх үүсгэх эрхийг хязгаарлах болсныг бизнес эрхлэгчид хүчтэй шүүмжилж буй. Иргэдийн төлөөлөл цахим орчинд дараах байр суурийг илэрхийлжээ.
"Татварынхан данс хаахаа боль гээд үүрэг өгчихсөн чинь өөр юмаар боогоод эхэлж. Харилцагчаасаа төлбөрөө авах гээд нэхэмжлэх явуулах гэтэл татварын өртэй гээд eTax дээр нэхэмжлэх үүсгэхийг хаасан байна. Хуульд байхгүй, дур зоргоороо иймэрхүү үйлдлээр төр засгийн бодлого, шийдвэрийн эсрэг хүнд сурталтнуудын 'бослого' гаргаж байгаа юм биш үү? Орлогоо авахгүйгээр яаж татвараа төлөх вэ? Дээрээ төр засаг нь мянга чөлөөлье гээд дунд шатны иймэрхүү хорлонтой ажиллагааг таслан зогсоохгүй бол үр дүнгүй. Энэ бүдүүлэг ажиллагааг нэн даруй зогсоож, аж ахуйн нэгж хооронд төлбөр тооцоо хэвийн хийх нөхцөлийг хангаж өгнө үү" хэмээн бухимдлаа илэрхийлээд буй.
Татварын өртэй аж ахуйн нэгжүүд өр төлбөрөө барагдуулах үүрэгтэй. Гэхдээ өрөө төлөх боломжийг нь бүрдүүлэхгүйгээр бүх талаас нь хязгаарлах нь асуудлыг шийдэх арга биш гэдгийг ууг нь төр засаг мэдэхийн дээдээр мэднэ. Орлого олох боломжгүй болсон бизнес татвараа төлөх нь бүү хэл, ажилтнуудынхаа цалинг тавих, үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд ч хүндрэлтэй болно.
Татварын өрийг барагдуулахын тулд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, бараа, үйлчилгээ нийлүүлэн, харилцагчдаасаа төлбөрөө авах боломжтой байх ёстой. Харин орлогоо нэхэмжлэх боломжийг нь хязгаарлачхаад өрөө төлөхийг шаардах нь өөрөө зөрчилтэй шийдвэр.
Уг нь шүүхийн шийдвэргүйгээр хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хааж, хязгаарладаг үйлдлийг хуулиар зохицуулна хэмээн дээд шатандаа ярьдаг ч дунд шатандаа бизнес эрхлэгчдийн эрхийг боомилсоор буй.