
Улс төрийн хүрээнд анхаарал татсан аливаа асуудал хүндэрч, парламент, засгийн газрын түвшнээс давбал үүнийг шийддэг эцсийн шат нь Үндсэн хуулийн Цэц байдаг.
Учир нь Цэц бол Үндсэн хуулийн манаач. Өөрсдөө асуудлыг Цэцээр шүүлгэх хэмжээнд томруулчхаад араас нь байнга хардаж сэрддэг “уламжлал” тогтоод буй. Энэ удаа ч тус байгууллага ээлжит удаагаа олон нийтийн анхаарлын төв, хэлэлцүүлгийн “бай” болов. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан төслөөр Цэцэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах онцгой бүрэн эрх олгохоор төлөвлөсөн нь үүний шалтгаан юм. Одоо бол гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд л хугацаанаас нь өмнө эгүүлэн татах боломжтой. Харин дээрх төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн бол парламентаар хэлэлцэх шаардлагагүйгээр шууд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхээр тусгажээ. Мөн ёс зүйн ноцтой алдаа гаргасан, өргөсөн тангаргаасаа няцсан, нийт чуулганы хуралдааны 30 хувьд оролцоогүй, саналаа биеэр өгөөгүй бол эгүүлэн татахаар нэмж оруулсан юм. Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах эрхийг тухайн намд нь өгсөн.
Улс төрийн хүрээнд уг хуулийн төслийг баталбал парламентын бүрэн эрхэд халдана, эсвэл ёс зүйгүй, хууль зөрчигчдийг зайлуулж УИХ-ыг цэвэрлэнэ гэсэн маргаан өрнөж байна. Нөгөө талд ёс зүй гэж юу болох тухай ч улстөрчид эргэж бодоход хүрэв. Тэднийг эгүүлэн татах онцгой бүрэн эрх эдлэх гэж буй Үндсэн хуулийн Цэц өөрөө итгэж болох байгууллага мөн үү гэдэг асуудал сөхөгдлөө. Түүнд ажиллаж буй хуульчид ёс зүйн шалгуур хангах уу гэдэг асуулт гарч ирээд байна.
Үндсэн хуулийн Цэц нийт есөн гишүүнтэй. Тэднийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурваар нь санал болгож, парламентаар зургаан жилийн хугацаагаар томилдог юм. Эдүгээ Цэцийн дарга Г.Баясгалангийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сард дууссан. Хугацаа дууссан даргатай ч Цэц өнгөрсөн оны аравдугаар сард Их суудлын хуралдаанаа хийж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөнийг тогтоож, хуралдаан даргалагч Х.Булгантуяагийн бурууг бататгасан билээ. МАН-ынхны талцал Үндсэн хуулийн Цэц хүртэл өндрөө авсан нь энэ байлаа. Тэр үед МАН доторх 1980-аад оны бүлэглэлийнхэн “Цэцийн даргын хугацаа дууссан учраас уг хуралдаан хүчин төгөлдөр биш” гэсэн маргаан үүсгэх гэж оролдож байв. Гэвч орны хүнийг нь УИХ томилох хүртэл тэр хүн үүргээ гүйцэтгэсээр байх нь мэдээж.
Мөн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг 2025 оны арваннэгдүгээр сард уг албан тушаалаас нь түдгэлзүүлж, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Н.Учрал МАН-ын дарга болж, улмаар парламентын спикерээр томилогдсоныхоо дараа Цэцээс түүнийг ийнхүү “авчирсан” юм. Гэвч Н.Учрал дөрвөн сарын дараа спикерийн ажлаа өгч, өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэгэхээр түүний багт ажиллахаар очсон Л.Өлзийсайханыг өөрчлөх үү гэсэн асуулт гарав. Тэгвэл УИХын дараагийн дарга С.Бямбацогт ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчлөхгүй гэнэ. Цэцийн гишүүний бүрэн эрхтэй албан тушаалаас УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх өөр нэг хариуцлагатай албан тушаалд шилжсэнийхээ хэргийг тэр гаргаж чадахаар болсон аж.
Г.Баясгалан, Л.Өлзийсайхан, Ц.Цолмон нарыг УИХ-аас, Э.Энхтуяа, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбүрэн, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарыг Дээд шүүхээс санал болгож, парламент томилсон юм. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц одоо бүрэн эрх нь дуусаагүй долоон гишүүнтэй гэсэн үг. Хэдийгээр Г.Баясгаланг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй ч хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил тойрох гэж буй гэсэн үг. Мөн Л.Өлзийсайханы оронд хүн томилоогүй байна. Тэгэхээр Цэц Их суудлын хуралдаанаа хийж, аливаа чухал асуудал хэлэлцэх боломжгүй болжээ. Учир нь Их суудлын хуралдааныг заавал бүрэн ирцтэйгээр хийх ёстой. Мөн Цэцийн гишүүн Х.Эрдэнэбулганыг 2021 оны гуравдугаар сарын 26, Д.Гангабаатарыг аравдугаар сарын 7-нд Дээд шүүхээс санал болгож, УИХ-аас томилсон. Тэгэхээр эл хоёр гишүүний бүрэн эрх жилийн дараа дуусна. Одоогоор УИХ-ын дарга С.Бямбацогт Цэцэд хоёр ч шинэ хүн нэр дэвшүүлэх үүрэгтэй болоод байна.
Ёс зүй бол хүмүүсийг зөв амьдрахад чиглүүлдэг луужин гэж энгийнээр ойлгож болно. Хууль зөрчихгүй, юу зөв, буруу гэдгийг ялгаж, үг, үйлдлээ хянах зэвсэг юм. Гэтэл манай парламентад үг, үйлдлээ захирах чадваргүй, хараал, доромж үгийг амны уншлага мэт хэрэглэдэг гишүүн цөөнгүй бий. Мөн өргөсөн тангараг, Үндсэн хуулиа зөрчиж, бүлэглэлийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй увайгүйчүүд олширсон. Тэр бүхнийг байранд нь тавьж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард гэмт хэрэг, буруу булхайгаа нуудаггүй юм гэдгийг мэдрүүлэх нь дээрх хуулийн зорилго гэж буй. Хариуцлага тооцоод эхэлбэл тэд үг, үйлдлээ хянахаас аргагүй болно. Хэмжээ хязгаар байдгийг ойлгоно гэж үзжээ.
Хэдийнэ хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон, ёс зүйгүй бүлэг хүн энэ хуулийн дагуу эгүүлэн татагдах эрсдэл үүсээд буй. Тиймээс ч эсэргүүцэн тэмцэлдэж байна. Харин хэн нь ч ёс зүйгээ баримталж, хуулиа ягштал мөрдвөл энэ хуулиас холуур өнгөрч болох тухай ярихгүй юм. Гэхдээ “эрсдэлт бүлгийнхний”, бас эрүүлээр хараач ээ гээд зарим нэгний тавиад буй шаардлага үндэслэлтэй. Ёс зүйн алдаа дутагдал гаргасан үндэслэлээр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах гэж буй бол үүнийг шүүж, шийдвэр гаргах хүмүүс өөрсдөө бас уг шалгуураа хангасан байх нь зөв. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүд өөрсдөө хэр ёс зүйтэй вэ. Ер нь энэ байгууллагад итгэж болох уу.
Харамсалтай нь, Цэцийн даргаар ажиллаж буй Г.Баясгалан бол энэ шалгуурт хэдийнэ бүдэрсэн нэгэн. Тэрээр ажлын байрандаа архидан согтуурч, хөл дээрээ тэнцэж чадахгүй байгаа бичлэг нь нийгмийн сүлжээгээр цацагдсан. Цэцийн дээр хөх тэнгэр л бий хэмээн хэлдэг үе ёс зүйгүй дарга нараасаа болоод түүх болсон нь энэ. Хамгийн шилдэг ур чадвар, туршлагатай, өндөр ёс зүйтэй хуульчид л уг байгууллагад ажиллах учиртай. Гэвч нэг хэсэг уг байгууллага нь тэтгэвэртээ гарсан улстөрчдийн “амралтын газар” болчихоод байв. Хэдийгээр одоогийн бүрэлдэхүүн нь насны хувьд харьцангуй залуу ч ёс зүйн зөрчилтэй гишүүд тэнд багтсаар байгаагийн нэг нь Г.Баясгалан юм. Ажлын байрандаа архидан согтуурч, хууль дүрмээ уландаа гишгэдэг хүн яаж УИХ-ын гишүүдийн ёс зүйг шүүх билээ. УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд архидлаа гэж шүүх нүүр түүнд үгүй. Учир нь тэр өөрөө адилхан алдаа гаргасан. Түүний өмнөх дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн Цэц болоод Монгол Улсын нэрийг шороотой хутгасан нэгэн. Тэрээр онгоцоор зорчихдоо БНСУ-ын онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн нь ил болж, улс орныхоо нэр төрийг гутаасан юм. Гэтэл түүний оронд томилсон хүн нь ч ёс зүйн хувьд Д.Одбаяраасаа дээрдэхүйц байж чадсангүй. Тэгэхээр ийм хүнээр УИХ-ын гишүүдийн ёс зүйг шүүлгэх нь шударга бус.
Тиймээс эхлээд хуулийн бүх шаардлагыг хангасан хүнээр Цэцийн даргыг өөрчилж байж дараагийн асуудлаа ярих нь зөв биз. Өөрөөр хэлбэл, бүрэн эрх нь дууссан Г.Баясгаланг чөлөөлж, шинэ гишүүнийг УИХ-аас томилсны дараа Цэц дотроосоо дараагийн даргаа сонгох учиртай. Ёс зүйгээр шүүлгэх гэж буй УИХ-ын гишүүд эхлээд уг шалгуурт тэнцэхгүй болсон Цэцийн даргаа “шүүх” нь. Үүний дараа шинээр томилох хоёр хүнийг тодруулна. Улмаар Цэцийн шинэ даргаар өөрсдийгөө шүүлгэнэ. Нэг ийм “эргүүлэг” бий болчихжээ. Гэхдээ одоогоор Цэцийн шинэ гишүүдийн ч, даргынх нь ч сураг ажиг алга. Бас бүрэн эрх нь дуусчихаад байхад УИХаас Г.Баясгаланг чөлөөлөхгүй, орны хүнийг санал болгохгүй байгаа нь ч хардлага дагуулж буй юм.
Цэц хэдийгээр бие даасан, хараат бус ажиллах үүрэгтэй, статустай байгууллага ч үүнийгээ биелүүлж чадахгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхны нөлөө, тэдний хүслээр шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэл их гардаг. Цэцийн өмнөх ч, одоогийн ч гишүүд иймэрхүү хардлагад нэг бус удаа өртөж байсан юм. Цэцийн гишүүн, дарга Г.Баясгаланг Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа томилсныг дээр дурдсан. Түүний эсрэг бүлэглэлийн Д.Амарбаясгалан спикер байхад Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үг. Гэвч түүнийг чөлөөлж, дараагийн хүнийг томилж “амжаагүй” аж. Өөрчлөх бүрэн боломж нь байсан ч алхам хийгээгүй атлаа Д.Амарбаясгалангийн талынхан Цэцийн Их суудлын хуралдааны үеэр “Захиалгаар ажиллалаа, бүрэн эрх нь дууссан хүнээр шийдвэр гаргууллаа” хэмээн гомдоллосон байх нь. Харин одоо шинэ спикер С.Бямбацогт ямар алхам хийх бол. Г.Баясгаланг байгаа үед УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг батлуулж, “эрсдэлт бүлгийнхэн”-ийг эгүүлэн татах эхний шийдвэрийг гаргуулах уу. Эсвэл түүнийг чөлөөлж, шинэ хүн оруулан ажиллах уу. Л.Өлзийсайханы оронд мөн хэнийг санал болгох бол. Энэ мэтээр хэн хаанаас нэр дэвшүүлснээс нь хамаараад тэднийхээ талд шийдвэр гаргах “танилын нүүр халуун” зарчим үйлчлээд байдгийг үгүйсгэхгүй.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гишүүдийг эгүүлэн татаж, хариуцлага тооцдог болгохыг дэмжих, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямар боловч УИХ энэ төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Харин эцсийн байдлаар дэмжих, эс дэмжих нь ч дараагийн асуудал. Гэхдээ улс төрд анхаарал татсан ийм хуулийн төсөл, аливаа шийдвэр маргаанаас үл хамаараад Үндсэн хуулийн Цэцэд өндөр ёс зүйтэй хүмүүсийг л томилох ёстой. Уг байгууллагыг 1992 оноос хойш Б.Пүрэвбямба, Ж.Амарсанаа, Б.Чимид, Ж.Бямбаа, О.Амгаланбаатар, Д.Одбаяр, Н.Чинбат, Г.Баясгалан нар даргалж байжээ. Эдгээрээс хоёр нь ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, Үндсэн хуулийн Цэцийн нэр хүндийг унагаж, иргэдийн итгэлийг алдуулахад хувь нэмрээ оруулсан байна. Нэг ёсондоо Цэц хэмээх байгууллагын тэргүүнд ёс суртахуунгүй хүмүүс суудаг “уламжлал” тогтож, ёс зүйн луужин нь “эвдэрчээ”.
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг. Дарга нь ёс зүйгүй хүн байвал тэр байгууллагын бусад гишүүний нэр хүнд ч сэвтэнэ. Тиймээс Цэцийн шинэ гишүүдийг томилох, даргаа сонгохдоо улс төрийн тал, бүлэглэлээс илүү үүнд анхаарч, алдаагаа засна гэж найдъя.
С. Туул