
Холбооны шүүгч Жеффри Эпштейний гэх амиа хорлохынхоо өмнө бичиж үлдээсэн тэмдэглэлийг нууцаас гарган олон нийтэд ил болгожээ.
Огноо болон жинхэнэ эсэх нь баталгаажаагүй уг бичгийг талийгаач бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутгагдсан Эпштейний хуучин камерт хамт байсан хоригдлын хэрэгтэй холбоотой шүүхийн материалд хавсаргасан байна. Тэр хоригдол уг тэмдэглэлийг өөрөө олсон гэж мэдүүлжээ.
Гарын үсэггүй уг тэмдэглэлд:
“Тэд намайг хэдэн сараар шалгасан ч юу ч олоогүй!!! Хэзээ баяртай гэж хэлэхээ өөрөө сонгох боломжтой байх нь нэг төрлийн таашаал юм. Ямар ч утгагүй. Ямар ч үнэ цэнгүй!!” гэж бичсэн байжээ.
Жеффри Эпштейнтэй нэг камерт байсан хоригдлын хэлснээр энэ тэмдэглэл нь Эпштейн 2019 оны 7-р сард амиа хорлох оролдлого хийх гээд бүтэлгүйтсэн үед бичигдсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа тэрээр шүүх хурлаа хүлээж байхдаа шоронгийн камерт нас барсан юм. Шүүх эмнэлгийн шинжээч түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн байдаг.

Шүүхийн энэхүү шийдвэр нь АНУ-ын Хууль зүйн яам Эпштейнтэй холбоотой өөрийн эзэмшилд байсан сая сая хуудас материалыг нийтэд ил болгосноо мэдэгдсэний дараахан нууцаас гарч байгаа юм.
Эпштейний гэх амиа хорлох тэмдэглэл байгаа талаар анх The New York Times мэдээлсэн. Тус сонин өнгөрсөн долоо хоногт уг тэмдэгллийг долоон жилийн турш олон нийтээс нууж байсан гэж нийтэлсэн юм. The New York Times сонин дүүргийн шүүгч Kеннет Карасаас уг тэмдэглэл болон камерын хамтрагчийн эрүүгийн хэрэгтэй холбоотой бусад баримтыг нийтэд ил болгохыг хүссэн бөгөөд Хууль зүйн яам хүсэлтэд нааштай хариу өгч тэмдэглэлийг нууцаас гаргажээ.
“Нууцаас гаргах хүсэлтэд дурдсан Эпштейний үхлийн нөхцөл байдалтай холбоотой асуудалд олон нийтийн сонирхол их байгаа бололтой. Гэхдээ Засгийн газар тухайн хүсэлтэд дурдсан бодит үйл явдлын үнэн зөв эсэх талаар ямар ч мэдлэггүй учир шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөнө” гэж тус яам шүүгч Караст илгээсэн захидалдаа бичжээ. Ингэснээр уг тэмдэглэл жинхэнэ эсэхийг Засгийн газар мэдэхгүй байгааг илэрхийлсэн байна.
CNN энэ талаар тайлбар авахаар Хууль зүйн яамтай холбогдсон гэж мэдээлжээ.
Уг тэмдэглэлийг 2019 оны 7-р сард Эпштейний камерт хамт хоригдож байсан Николас Тартаглиони олсон гэж мэдээлэгдсэн байдаг. Дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн цагдаа байсан тэрээр Эпштейний анхны бүтэлгүй амиа хорлох оролдлогын дараа хиймэл амьсгал хийж амийг нь аварсан гэж мэдүүлжээ. Тухайн үед хууль сахиулах байгууллагын эх сурвалж болон хэрэгтэй танил эх сурвалжууд CNN-д Эпштейнийг Манхэттэн дэх шоронгийн камерт нь хүзүүндээ сорвитой байхад нь олсон гэж мэдээлж байсан юм.
“Жеффри Эпштейн надтай нэг камерт байхдаа амиа хорлохыг оролдсон. Би сэрээд түүнд хиймэл амьсгал хийж аварсан. Үүнийг батлахын тулд Жеффри Эпштейн амиа хорлох тэмдэглэл бичсэн” гэж Тартаглиони өнгөрсөн жил нөлөөлөгч, зохиолч Жессика Рийд Крауст ярьжээ.
“Би камерт буцаж ирээд номоо онгойлгон уншихад тэр тэмдэглэл тэнд байсан. Тэр үүнийг бичээд номонд хавчуулсан байсан” гэж тэр нэмж хэлсэн байна.
Тартаглиони өмгөөлөгчид нь гар бичгийн шинжээчдээр тэмдэглэлийг баталгаажуулсан гэж мэдэгдсэн талаар The New York Times мэдээлжээ. Тус хэвлэл өнгөрсөн сарын сүүлээр шүүгчид хандан уг тэмдэглэлийг олон нийтэд ил болгох ёстой гэж үзэхдээ эдгээр мэдэгдлийг иш татсан байна.
Эпштейний анхны амиа хорлох оролдлоготой холбоотой асуудлууд одоо ч тодорхойгүй хэвээр байгаа аж.
2019 оны 7-р сард шоронгийн албаныхан өөртөө гэмтэл учруулсан эсэх, эсвэл халдлагын үр дүн байсан эсэхийг тогтоож чадаагүй гэж эх сурвалжууд мэдээлж байжээ. Эпштейн эрх баригчдад өөрийг нь зодож, “хүүхдийн хүчирхийлэгч” гэж дуудсан гэж хэлсэн байдаг.
Эпштейн мөн эхэндээ Тартаглиониг өөрийг нь алахыг оролдсон гэж буруутгасан ч дараа нь мэдүүлгээсээ буцжээ. Үүнээс хойш хэд хоногийн дараа тэрээр шоронгийн сэтгэл зүйчид Тартаглиони өөрт нь хор хүргэнэ гэж сүрдүүлээгүй, мөн болсон явдлыг санахгүй байна гэж хэлсэн талаар “Амиа хорлолтын хяналтын дараах тайлан” гэх баримтад дурдсан байна.
Ил болсон материалд багтсан тайланд Эпштейнийг “хүзүүндээ гар хийцийн гогцоотой, ургийн байрлалтай шалан дээр хэвтэж байхад нь” олсон гэж тэмдэглэжээ.
Сэтгэл зүйчийн тайланд дурдсанаар Эпштейн 7-р сарын 24-нд буюу амиа хорлох оролдлого хийсэн гэж мэдээлэгдсэн өдрийн маргааш “Би амиа хорлохыг хүсдэггүй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр маргааш нь дахин үзлэгт орохдоо ч энэ байр сууриа давтан илэрхийлжээ.
“Би хэрэгтэйгээ тэмцэхэд хэтэрхий их хөрөнгө оруулсан. Надад амьдрал бий, би амьдралдаа эргэн очихыг хүсэж байна” гэж тэр сэтгэл зүйчид хэлсэн талаар тайланд дурдсан байна.
Үүний дараа Эпштейнийг Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрладаг холбооны өндөр хамгаалалттай хорих төвд шилжүүлжээ. Хожим нь тэр шорондоо амиа хорлосон бөгөөд энэ үйл явдал түүнийг үнэхээр амиа хорлосон эсэх талаар хуйвалдааны онол үүсэхэд хүргэсэн юм.
АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн жилийн тайландаа Эпштейнийг хөнөөсөн гэх ямар ч нотолгоо байхгүй гэж мэдэгдээд, түүний нас барсан өдөр хэн ч камерт нь ороогүйг харуулсан 10 цагийн шоронгийн хяналтын бичлэгийг нийтэлжээ.