
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэр, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
Үндсэн хуулийн Цэцийн 8-р дүгнэлт нь нийт 38 нүүр учир агуулгыг танилцуулсан юм. Үүнд нэгдүгээрт УИХ-ын нэгдсэн чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Хоёрдугаарт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүдийн зүгээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн
Гуравт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцтэй нэгтгэн 51.6 хувийн ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна.
Шатахуунгүй долоо хоног
Өнгөрсөн долоо хоногоос эхлээд улс даяар шатахуун тасалдаж, ШТС-ууд хязгаарлалттай олгож эхэлсэн. Салбар яамны зүгээр иргэд шатахуун тасалдана гэх худал мэдээллийн улмаас нөөцөө нэмж, зохиомол хомсдол бий болгоод байна гэх тайлбар өгч буй. Түүнчлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзжээ. Тэрээр шатахууны хомсдолыг арилгахад ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг хүссэн байна. Элчин сайд А.Н. Евсиков сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас шатахуун нийлүүлэлтийн хэмжээг бууруулаад байгаа мэтээр буруу ташаа ойлголт өгч байгааг дурдаад, Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямарваа нэгэн асуудал байхгүй, шатахууны нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлжээ. Уулзалтын үр дүнд ОХУ-аас авах импортын хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна. Тиймээс ойрын хугацаанд шатахуун хэвийн олгож эхэлнэ гэдгийг албаныхан хэлсэн.
Багш нарын ажил хаялт шийдэлд хүрсэнгүй
Багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлэхээр өнгөрсөн пүрэв гаргаас тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан. Эмч нар мөн ижил шаардлага тавьж, жагсаал зохион байгуулж буй.
Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзаж байна.
Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсөв өргөн баригдаж, УИХ дээр хэлэлцүүлэг явж байна. Төрийн зүгээс шийдвэрлэх асуудал төсвийн боломжинд хязгаарлагдаж байгаа. Хэд хоногийн турш бид боломжоо шавхаж, Засгийн газар төлөвлөгөөт ажлуудаасаа хойшлуулж, зогсоох судалгаа хийсэн. Ийнхүү нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сарын 1-нээс дахин 10 хувь нэмэх тооцоолол гаргалаа. Энэ хэрээр бусад салбарын төсөвт өөрчлөлт орж, ачаалал нэмэгдэхээр байна" гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр "Бид төсөв, эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдал гэхчлэн бүхий л талаас нь ярилцаж, суурь цалинг 30 хувь нэмэх ажлыг зохион байгуулахаар болж байна. Нийслэлд ажиллаж байгаа багш нарын цалин дунджаар 2 сая 592 мянган төгрөг, аймгийн төв 2 сая 757 мянга, сумын багш нар 2 сая 938 мянган төгрөгийн цалинтай байгаа. 20 хувь нэмэгдүүлснээр нийслэлд 3 сая 50 мянган төгрөг, аймгийн төв 3 сая 261 мянга, сумын багш нар 3 сая 482 мянган төгрөг болно. Үүн дээр ачааллын нэмэгдэл орж ирнэ. Ингэснээр багш нарын цалин 3 сая 500 мянган төгрөгөнд ойртно. Шинэ багшийн тухайд, одоогийн үндсэн цалин 1 сая 484 мянган төгрөг байгаа. 20 хувиар нэмэгдүүлснээр 1 сая 780 мянган төгрөг болно. Ачааллын нэмэгдэлтэй нийлээд 2 сая 198 мянган төгрөг болно" гэв
Гэвч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар ажил хаялт ирэх долоо хоногт ч үргэлжлэх аж.
Дулааны тавдугаар цахилгаан станц барих гэрээг үзэглэлээ
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байв. Энэхүү ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа өнөөдөр Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм Интернэйшнл" компанитай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон "Митайм Интернэйшнл" компанийн Ерөнхий захирал Тиан Хао Мин үзэглэв.
Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд баригдаж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ.
ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.
Дулааны тавдугаар цахилгаан станцын ач холбогдол: