
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн зарцуулалтын талаар хуулийн төслөө буцаан татахаар болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан "Засгийн газар нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл оруулж ирсэн ч төсөв танигдахгүй болж Засгийн газрын өргөн барьсан хуулийн бодлого алдагдаж байна.
Мөн Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал асуулгад 96.6 мянган иргэн оролцсоноос дийлэнх нь "Хуримтлалын сан"-д хадгалах санал өгсөн тул ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа Засгийн газар буцаан татаж байна" гэв.
Оюутолгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн саналыг өгөөд байна.
Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ.
Иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэлээ.