
Улсын онцгой комисс болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Экологийн цагдаагийн албанаас баавгайтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Он гарсаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн 997 дуудлага бүртгэгдсэнээс 40 гаруй нь мал барьсан, айлын хашаа, гэр эвдэж, автомашин руу дайрсан асуудал гарсан. Үүнээс хамгийн харамсалтай нь БЗД-ийн 35-р хороонд иргэд рүү халдаж нэг хүн амиа алдан, өөр нэг хүн хүндээр бэртсэн.
Баавгай үзэгдсэн дуудлагын 80 орчим хувь нь бамбаруушаа дагуулсан эм баавгай байгаа. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн эр баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж байна. УОК-ийн шийдвэр гарснаас хойш суурьшлын бүсэд нэвтэрч, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нийт 20 тохиолдлыг аюулгүй болгож баавгайг устгасан. Цагдаа, онцгой байдал, төрийн цэргийн байгууллагууд, галт зэвсэг эзэмших эрхтэй иргэдийг эрсдэл өндөртэй газруудад ажиллуулж байна. Баавгайн тоо толгойг зохицуулах, шаардлагатай тохиолдолд устгал хийх ажлыг мэргэжлийн байгууллагын хяналт дор хэрэгжүүлэх эрхийг орон нутгийн захиргаанд олгосон. Гэхдээ энэ нь баавгайг ямар нэгэн хяналт, зохицуулалтгүйгээр агнах эрх олгож байгаа хэрэг биш юм. “Тэдэн баавгай агнаад ир” гэдэг замбараагүй үйл ажиллагаа явагдахгүй.
Баавгайд бариуж амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр олгох асуудлыг судлан, шийдвэрлэх шатанд байна" гэв.