
Арваннэгдүгээр сард дулаарч байгаад гэнэт цас их орсон нь 2023-2024 онд тохиосон төмөр зуд давтагдаж болзошгүй нөхцөл байдал үүсгэж буй. Тухайн үед баруунаас чиглэлтэй хур тунадасны хэмжээ нэмэгдэж, эргэн дулаарч хайлан, улмаар шилэн зуд болсон. Энэ үед мөсөн бүрхүүл тогтож, мал бэлчээрлэх боломжгүй нөхцөл үүсдэг. Хашир малчид төдийгүй мэргэжлийн байгууллагуудын хийсэн үнэлгээ ч ийм эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байгаа аж.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Увс аймгийн Сагил, Малчин, Наранбулаг, Цагаан хайрхан суманд зудын өндөр эрсдэлтэй байна. Мөн Хангайн нуруугаа дагасан Завхан аймгийн хойд сумд өндөр эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл баруун таван аймаг, жил бүр туурайн зудтай, бэлчээрийн даац муу байдаг Баянхонгор, Өвөрхангай аймаг, мөн Сүхбаатар Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд зудын эрсдэл өндөр, малын хорогдол илүү гарч болзошгүй.
Мөн агаарын температур өмнөх зудтай жилүүдийнхээс -5 хэмээр хүйтэн байх тооцоолол гарсан. Ялангуяа, 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэг, хоёрдугаар сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх нөхцөл байдал баруун болон төвийн бүсийн аймгуудад ажиглагдаж байгаа аж.