
Италид гарсан шинэ шүүхийн шийдвэр нь дэлхий даяарх итали гаралтай сая сая хүний иргэншил авах боломжийг хязгаарлаж, олон жилийн уламжлалыг өөрчлөхөд хүрээд байна.
1861 онд Итали улс байгуулагдсанаас хойш хэн итали иргэн бэ гэдгийг тодорхойлох энгийн зарчим үйлчилж ирсэн. 1865 онд батлагдсан иргэний хуулиар итали иргэний хүүхэд бол автоматаар итали улсын иргэн байна гэж заасан нь “цусны эрх” буюу jus sanguinis зарчим юм.
Гэвч энэ үндсэн зарчим өөрчлөгдөхөөр болж, гадаадад амьдарч буй итали гаралтай хүмүүс эх орондоо буцаж иргэншил авах боломжоо алдах нөхцөл үүсээд байна.
Италийн Үндсэн хуулийн шүүх 2025 онд батлагдсан, гадаадад төрсөн хүмүүсийн иргэншлийг хязгаарласан хуулийг дэмжих байр суурь илэрхийлжээ. Энэхүү хууль өнгөрсөн оны 3-р сард онцгой зарлигаар батлагдсан бөгөөд дөрвөн шүүгч Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх талаар маргасан юм.
Лхагва гарагт болсон эхний хэлэлцүүлгийн дараа шүүхээс гаргасан мэдэгдэлд “Турины шүүхээс гаргасан Үндсэн хуультай холбоотой асуултуудыг хэсэгчлэн үндэслэлгүй, хэсэгчлэн хүлээн авах боломжгүй гэж үзлээ” гэж дурдсан байна.
Энэхүү шийдвэр нь Итали улсын 160 жилийн турш баримталж ирсэн удам дамжсан иргэншлийн тогтолцоонд томоохон цохилт болж байна.
Шинэ хуулийг эсэргүүцсэн хуульч, профессор Коррадо Карусо “Би энэ хуулийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзнэ гэж найдаж байсан. Гэвч шүүх тийм дүгнэлтэд хүрсэнгүй” гэж CNN-д ярьжээ.
Шинэ хууль юуг өөрчилж байна вэ?
Шинэ журмаар:
Өмнө нь Италиас цагаачилсан иргэд өөрийн иргэншлээ хадгалсан тохиолдолд хүүхдүүддээ дамжуулах боломжтой байжээ.
Цагаачлал ба түүхэн нөхцөл
1861–1918 оны хооронд Италиас 16 сая хүн гадагш цагаачилж, илүү сайн амьдрал хайж явсан байдаг. Тэд иргэншлээ хадгалж, дараагийн үедээ уламжлуулж иржээ. 1912 болон 1992 оны хуулиудаар ч энэ эрхийг баталгаажуулсан байна.
Сүүлийн жилүүдэд:
2014–2024 онд гадаадад амьдарч буй итали иргэдийн тоо 4.6 саяаас 6.4 сая болж өссөн байна. Зөвхөн Аргентинд 2024 онд 30 000 иргэншлийн өргөдөл боловсруулсан нь өмнөх жилээс 10 000-аар нэмэгдсэн тоо гэнэ.
Нөгөөтэйгүүр Итали улс хүн амын бууралт, хөгшрөлтийн асуудалтай нүүр тулж байна. Тодруулбал, 2024 онд 155 732 хүн гадагш нүүсэн, харин 2020–2024 онд нийт 500 000 гаруй хүн улс орноос гарсан байна. Ийм нөхцөлд өмнө нь гадаадад амьдарч буй итали гаралтай хүмүүсийг татах бодлого хэрэгжүүлж байсан ч шинэ хууль үүнийг бараг боломжгүй болгожээ.
Өмгөөлөгч Марко Меллоне шүүхийн шийдвэрийг эцсийнх биш гэж үзэж байна. “Энэ хууль бүрэн хүчинтэй, үүрд үргэлжилнэ гэсэн үг биш. Цаашид маргах боломж бий” гэж тэр хэлжээ. Тэрээр уг асуудлыг Италийн дээд шүүх болох Court of Cassation-д дахин хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Энэ бол сая сая хүний хувьд гунигтай өдөр. Гэхдээ тэмцэл дуусаагүй” гэдгийг тэрээр онцолсон байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ шийдвэр нь зөвхөн хууль эрх зүйн бус, улс төр, эдийн засгийн томоохон ашиг сонирхолтой холбоотой бөгөөд Европын холбооны шүүхүүдэд хүртэл үргэлжлэх магадлалтай байна.