
АНУ-ын зуучлалаар Израил болон Ливан улсууд 1993 оноос хойш анх удаа шууд хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай мэдээлсэн. Хэлэлцээрийн үр дүнд талууд 10 хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцжээ. АНУ-ын хувьд гал зогсооох хугацааг 10-аас илүү хоногоор сунгах боломжтой гэж үзэж байна.
Сүүлийн зургаан долоо хоногийн турш Израил болон Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл болох Хезболла Ливаны өмнөд хэсэгт тулалдаж байна.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гал зогсоох хэлэлцээрт оролцсоныг баталсан боловч тус улсын цэргүүд Ливаны өмнөд хэсэгт 10 км гүнд "аюулгүй байдлын бүс"-ийг хадгална гэв. Харин Хезболла бүлэглэл гал зогсоохыг хүлээн зөвшөөрсөн ч Ливаны бүх нутаг дэвсгэрт халдлагыг бүрэн зогсоох, Израилийн хүчний хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг заалтууд нэмж оруулахыг шаардаж буй аж.
Ираны Гадаад хэргийн яам мөн гал зогсоохыг сайшааж байна. Техран АНУ-тай байгуулсан хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрт Ливаныг хамруулах ёстой гэж шаардсан бол АНУ болон Израил үүнийг үгүйсгэсэн юм.
Израил болон Хезболлахын хоорондох мөргөлдөөн 3-р сарын 2-нд буюу АНУ болон Израилийн зэвсэгт хүчин Иранд хамтарсан дайралт хийснээс хоёр хоногийн дараа эхэлсэн юм. Ливаны улс төрийн хөдөлгөөн болох Хезболла зэвсэгт бүлэглэл үүнийгээ Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн аллагын хариуд өшөө авалт хийж буйгаар тайлбарладаг.
Гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараахан Израилийн Батлан хамгаалах хүчин сүүлийн 24 цагийн дотор Ливаны өмнөд хэсэгт байрлах Хезболла бүлэглэлийн 380 гаруй бай, түүний дотор пуужин харвах байгууламжууд, төв байгууламжийг онилсон гэж мэдэгдэв.