БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж байгаа. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-гээр мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-гээр хүрэл медаль хүртлээ. Д.Жигмэд эхний өргөлтөөр залуучуудын Ази тивийн дээд амжилт (141 кг)-ыг шинэчилсэн бол сүүлийн өргөлт (151 кг)-өөр залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Харин Б.Алтангэрэлийн олон улсын тэмцээнээс хүртсэн анхны медаль нь энэ юм. Үлдэж буй өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй гурван тамирчин өрсөлдөнө.