
Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс 10 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар нэмэгдэж, 13.4 хувь болж эрчимжлээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар өндөр байгаа юм.
Инфляцын түвшин 2025 оны 10 дугаар сард 9.2 хувь байсан бол 2026 оны 10 дугаар сард 13.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.1 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (32.8%) тус тус нөлөөлжээ.
Инфляц 13.4 хувьтай гарахад 4 нэгж хувийг махны үнэ, 2.8 нэгж хувийг бензин түлш, 2.1 нэгж хувийг импортын барааны үнэ, 4.4 нэгж хувийг дотоодын барааны үнэ бүрдүүлж байна. Хэрэглээний үнийн индекст оны II улиралд махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байсан бол III улирлаас олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн. Жилийн өөрчлөлтөөр харвал, хүнс болон барааны бүлгийн үнийн өсөлт 2 дахин эрчимжсэн бол үйлчилгээний үнийн өсөлт саарсан дүнтэй байна.
Төв банк 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексийг 6+-2 нэгж хувийн түвшинд хадгалах зорилт дэвшүүлсэн. Оны эхний улиралд хэрэглээний үнийн индекс 7.4 хувь буюу зорилтын орчимд байсан бол IV сараас эрчимжиж сарын дүнгээрээ анх удаа 2.8 хувиар өсөж байсан юм.